Өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн.
Иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийн хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Цагдаа, ШШГГ, орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид болон иргэд хамтран эрлийн ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулж байна. Хүүхдийг эрэн хайх ажиллагаанд орон нутгаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглан агаараас эрэл хийж байсан юм.
Тэгвэл Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханы үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй аврах баг Хөвсгөл аймагт үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд орон нутгийн эрлийн ажиллагаатай хамтран ажиллаж байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.