ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хохирогчийн хүү: Шорон бол чиний диваажин, чиний айж явах хүн бол би

O.Admin
1 цагийн өмнө

"Gem mall" худалдааны төвд эхнэрээ зэрлэгээр хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох шүүх хурал дуусч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоолоо танилцуулж байна. Прокурорын зүгээс шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял төлөвлөжээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргаж, түүнд оноосон ялыг хэвээр үлдээв. 

Мөн Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс оршуулгын зардал 19 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, сэтгэцийн хохирол уршгийн зардал 162 сая төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Д-д олгохоор шийдвэрлэжээ. Мөн эрүүл мэндийн даатгалд гарсан 1 сая 477 мянган төгрөгийн зардлыг шүүгдэгчийн талаас гаргуулна. Шүүгдэгчээс оршуулгын зардлыг төлж, хүүгийн сэтгэлзүйд учирсан хохирлын 162 сая төгрөгийг төлж барагдуулна гэдгээ мэдэгдлээ.

Тэгвэл хохирогчийн хүү Э.Дөлгөөн аавдаа хандан "Бусад хүүхэд 18 нас гоё гэж хэлдэг ч миний хувьд хар дарсан зүүд болсон. Миний 18 насны төрсөн өдрийн өмнөх өдөр чи миний ээжийг алсан. Би бусад аавгүй өссөн хүүхдүүдийг хараад атаархтал чи биднийг зовоосон. Чамайг өөрийнхөө төрсөн эцэг, эхийг зодоход, дүү бид гурвыг муугаар хэлж, ээжид минь хүчирхийлэл үйлдэхэд чинь би бурханд яагаад ийм аавтай болгосон юм бол гэж гомддог байсан.

Одоо надад бурханд хандаж хэлэх үг алга. Ээжийг минь үргэлж гадуур зугаалж явдаг гэж хэлсэн байна лээ. Ээж үргэлж бидний дэргэд байж, анхаарч санаа тавьж, өглөөнөөс орой хүртэл ажлаа хийгээд гэртээ ирээд хоолоо хийдэг байсан. Чи харин хүүхэд харж байгаа нэрийдлээр өглөөнөөс орой хүртэл гэртээ суудаг байсан биз дээ.

Миний жижигхэн биетэй ээжид минь тийм зүйл хийсэн гэж бодохоор тайвширч чадахгүй байна. Хамгийн хайртай хүнээ чамаас хамгаалж чадаагүй гэдэг бодол намайг дагасаар байна. Өдөрт хоёр хайрцаг тамхи татсан ч энэ шарх эдгэхгүй байна.

Чи надад насан туршийн эдгэхгүй өвчин өглөө. Амьдрал шударга бус гэвч хүн болгон үхдэгийн адилаар чи үхэхэд жинхэнэ шийтгэл ирэх болно. Шорон бол чиний хувьд диваажин. Чиний эмээж явах ёстой хүн бол би” гэж захидал бичсэнийг түүний өмгөөлөгч уншив.

Харин шүүгдэгч Н.Энхбат “Хамгийн хайртай хүү маань ингэж бичсэн гэдэгт итгэхгүй юм. Гэхдээ энэ бүхэн хар дарсан зүүд байгаасай. Одоо ч би итгэхгүй байна. Түүнийхээ оронд би үхэх байсан юм. Босгоод ирж чаддаг ч болоосой. Яагаад тийм зүйл хийснээ мэдэхгүй юм. Хүүгээсээ уучлалт гуй. Аав,ээжээс нь уучлалт гуйя. Миний энэ уучлалт үнэ цэнгүй ч гэсэн намайг уучлаарай. Бүх хохирлыг барагдуулах болно. Би хүүдээ ганц удаа л гарч хүрч алгадаж байсан” хэмээжээ.

Харин хохирогчийн хүү Э.Дөлгөөн “Цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ялаас мултрах талаас ажиллаж өгөөч. Би биш юм гэхэд миний хоёр дүүгийн аав шүү дээ. Тиймээс тэднийхээ төлөө би гуйж байгаа юм” хэмээн өмгөөлөгчдөө уйлан байж хэлсэн тухай түүний өмгөөлөгч Р.Булгамаа хэвлэлд ярив. 

Харин шүүгчдэгч Н.Энхбатын өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч 19 жил талийгаачтай амьдрахдаа нэг ч удаа агсам согтуу тавьж байгаагүй, байнга зодож нүдсэн зүйл байхгүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд яагаад энэ гэр бүл хэрүүл маргаантай болсон учир шалтгааныг харж үзэх ёстой. 2-3 удаа л цагдаад дуудагдсан байдаг. Ялын хэмжээг боломжит хэмжээгээр бууруулж өгөөч.

Уруул дордовч элэг дордохгүй гэж үг бий. Бүх насаар нь хорих ял онооно гэдэг нь бага насны хүүхдүүдэд эмзэг тусахаар байна. Тэдэнд "аав минь тийм хугацааны дараа ирнэ шүү" гэдэг итгэлийг нь алдмааргүй байна" хэмээжээ.