Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Бага тойруу, Их тойруу орчимд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, шинээр барих барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ.
Энэ талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бага тойруу орчим нь нийслэлийн түүхэн хөгжил, соёл, архитектурын өвийг хадгалсан онцгой хэсэг. Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх, иргэний амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот” болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээ авахаар төлөвлөсөн.
Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй нийт 376 барилгын 40-50 нь хотын төвд байна. Бага тойруу орчимд хүн амын нягтралыг нэмэгдүүлэхгүй байх, гэхдээ хотын түүхэн соёл, өнгө үзэмжид уялдуулан барилгыг дахин төлөвлөх, шинээр барих барилгын өндрийг эцэслэх шаардлага байгаа. Иргэдийг тавтай амьдруулах үүднээс санал асуулгыг явуулж байгаа учир иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.