Уурын болон усан халаалтын зуух ажиллуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бүх байгууллагыг түүхий нүүрс түлэхийг ирэх сарын 15-аас хориглосон. Байгууллагууд түүхий нүүрсний оронд мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглэнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс тодрууллаа.
Тэрбээр “Усан болон уурын халаалтын зуухыг түүхий нүүрсээр ажиллуулахгүй. Оронд нь мидлинг хэрэглэнэ. Есдүгээр сарын 15-аас энэ шийдвэр хэрэгжиж эхлэх учраас сургууль, цэцэрлэгийн 20 зуухыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинэчилнэ. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуулийн зуухыг хийн түлш рүү шилжүүлээд холбох ажлыг эхлүүллээ. Зарим сургууль ул ширмээ шинэчилж, мидлинг буюу баяжуулсан нүүрс хэрэглээд явна.
Зарим сургуулийг хийн болон цахилгаан түлшинд шилжүүлэх ажлыг үе шаттай хийнэ. Хувийн аж ахуй нэгжүүд мөн түүхий нүүрсийг ирэх сарын 15-аас түлэхгүй учраас үүнээс өмнө зуухаа шинэчлэх зэргээр бэлтгэл базаах хэрэгтэй. 2024–2025 оны өвлийн улиралд нийслэлийн аж ахуйн нэгжүүд нийт 87 мянга гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь агаарт ялгаруулсан бохирдлоороо 180 мянган тонн мидлинг, 350 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшний хэрэглээтэй тэнцэж байна. Түүхий нүүрс бүрэн хэрэглэхгүй байснаараа Улаанбаатар хотын агаарын бохирдол 8-10 хувь буурна.
Энэ жилээс Улаанбаатар хотод хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон түлш, шахмал түлштэй хамт иргэдэд түгээгдэнэ. Хагас кокс бол бүрэн боловсруулсан, ахуйн хэрэглээнд ашиглаж болохуйц сайн чанарын нүүрс. Түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш түлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 45-50 орчим хувиар бууруулна гэж тооцоолж байна. Түүхий нүүрс олборлодог ч хагас коксон түлш шиг боловсруулж чадахгүй байгаа учраас олон улсын стандартад нийцсэн хагас коксон түлшийг оруулж ирж байна” гэлээ.