Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өнөөдөр /2025.06.12/ Олон Улсын Валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал бөгөөд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седиктэй уулзлаа.
Хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний оролцооны өнөөгийн байдал, бүтээмж, цалин хөлсний бодлого, тэтгэврийн реформ, нийгмийн халамжийн бодлого, орон сууцжуулалт зэрэг Олон Улсын Валютын сангийн төлөөллөөс ирүүлсэн асуултад мэдээлэл өглөө. Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт 4715 төгрөг буюу нэг сард 792 мянган төгрөг байна.
Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. Нийгмийн халамжийг хавтгайруулах бус ЗОРИЛТОТ БҮЛЭГ-т хүргэх хуулийн төслийг мөн боловсруулж байна.
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд даргаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажилладаг бөгөөд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой бодлогын хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг онцлов.