Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд “Тасралтгүй үргэлжлэх төрийн алба” уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Уулзалтаар төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад, дунд, залуу үеийнхнээс суралцаж, төрийн албыг хүндэтгэн дээдлэх, түүний мөн чанар, соёлыг ойлгох, түгээхэд чиглэсэн халуун дулаан уур амьсгалтай яриа, хэлэлцүүлгээр өрнөв.
Панелистуудаар төрийн албанд 30 гаруй жил ажилласан ЭМДЕГ-ын ахмад ажилтан, Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Р.Наранчимэг, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Олон нийттэй харилцах хэлтсийн хэрэглэгчтэй харилцах ахлах мэргэжилтэн Г.Батнасан нар оролцож, төрийн албанд зүтгэсэн замнал, туршлага, сургамжтай дурсамжаасаа хуваалцсан юм.
Уулзалт "Төрийн албыг сонгосон шалтгаан", "Төрийн хүн байхуй", "Хөгжилтэй ба сургамжтай дурсамжууд" зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд явагдаж, оролцогчдын идэвхтэй оролцоо, санал бодлын солилцоогоор илэн далангүй, урам зориг төрүүлсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.