ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

O.Admin
1 өдрийн өмнө

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор ОХУ-ын Москва хотын Домодедово, Шереметьево, Внуково, Москва мужийн Жуковскийн олон улсын нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомт болон Оренбург мужийн Маштакова автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нэвтрэх гадаад улсын иргэдээс биометрийн мэдээллийг авах туршилтын эхний шатны ажлыг эхлүүлсэн.

Энэхүү туршилтын ажлын хоёр дахь шат нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд ОХУ-ын бүх шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх визгүй зорчих гадаадын иргэд өөрийн биометрийн мэдээллийг өгөх шаардлагатай болсон. Үүнтэй холбогдуулан гадаадын иргэд ОХУ-ын хилээр нэвтрэхээс хамгийн багадаа 3 хоногийн өмнө буюу 72 цагийн өмнө цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай ба яаралтай тохиолдолд /жишээлбэл, төрөл төрөгсөд нь өвдсөн, нас барсан зэрэг/ хил нэвтрэхээс 4 цагийн өмнө богино хугацаанд хүсэлт гаргахыг зөвшөөрөхөөр зохицуулжээ. 

Иргэд хил нэвтрэх урьдчилсан бүртгэлийг “Госуслуги RuID” гар утасны программ ашиглан хийж, QR код авах шаардлагатай болж байна. 

QR кодыг үүсгэхийн тулд гадаад улсын иргэн “Госуслуги RuID” программаар хувийн мэдээллээ бөглөж, өөрийн зургийг байршуулж, тус улсад байх хугацааг оруулна. 

Хэрэв, гадаад улсын иргэн ОХУ руу нэвтрэх хүсэлт гаргаснаас хойш 90 хоног өнгөрч, ОХУ-д нэвтрээгүй бол QR кодыг дахин авах шаардлагатай болох аж. 

ОХУ-д нэвтрэх QR кодыг хэрхэн авах вэ?

-Оросын мэдээн дээр “Госуслуги RuID” программд бүртгүүлнэ /https://www.gosuslugi.ru/?contentType=F/;

-Хувийн дэлгэрэнгүй мэдээллээ бөглөн оруулж, өөрийн зургийг байршуулна;

-ОХУ-д оршин суух зорилго, байх хугацааг агуулсан цахим мэдүүлгийг бөглөнө;

-Бүртгэл хийгдсэний дараа QR код үүснэ;

-ОХУ-ын хилийн боомт дээр QR код болон гадаад паспортын хамтаар шалгуулна;

-ОХУ-ын хилийн боомтоор нэвтрэх үед биометрийн /зураг, гар, хурууны хээ авна/ процедурт хамрагдана.

Тухайн туршилтаас дараах иргэд чөлөөлөгдөнө. Үүнд:

-Бүгд Найрамдах Беларусь Улсын иргэд;

-Гадаад улсаас ОХУ-д суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон ажилтан, тэдгээрийн гэр бүл;

-ОХУ-ын Засгийн газартай тус улсын нутаг дэвсгэрт оршин суух хэлэлцээр байгуулсан олон улсын байгууллагын албан тушаалтан, түүний гэр бүл;

-Албан ажлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх, эсхүл гарах олон улсын байгууллагын албан тушаалтан;

-Албан зорилгоор, эсхүл төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан ОХУ-д зорчих дипломат, эсхүл албан паспорттой виз авсан иргэн болон түүний гэр бүл;

-Дипломат, эсхүл албан ангиллын визтэй гадаадын иргэн түүний гэр бүл;

-Зургаан нас хүрээгүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн.

Бусад анхаарах асуудал:

-Программын тусламжтайгаар цахимаар хүсэлт гарган бүртгүүлж, QR код хүлээн авснаар ОХУ-д нэвтрэх 100 хувийн баталгаа болохгүй.

-Хэрэв гадаад улсын иргэн “Госуслуги RuID”-ээр дамжуулан урьдчилсан цахим хүсэлт гаргаагүй, QR код аваагүй бол ОХУ-д нэвтрүүлэхгүй. Мөн тус программаар ОХУ-д нэвтрэхийг хориглосон тохиолдолд мөн адил нэвтрүүлэхгүй.

-Хэрэв биометрийн өгөгдөл таарахгүй бол хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно.

-Хэрэв хүсэлт гаргасан гадаадын иргэн нь хяналтад байгаа этгээдийн жагсаалт, бүртгэлд байгаа, эсхүл нийтийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэлд өмнө нь холбогдож байсан бол түүнийг ОХУ-д нэвтрүүлэхгүй зэргийг анхаарна уу.

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолтой дараах холбоосоор орж үзэх боломжтой.