УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийг баталж, “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулах бэлтгэл ажлыг хангуулахаар ЭЗБХ-нд шилжүүллээ.
Амьтны тухай хуульд нэмэлт орсноор амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол амьтны тухай хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй болсон.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар муу зээлдэгч гэсэн ангилалд тухайн зээлдэгчийн мэдээлэл зургаан жил хадгалагддаг байдал арилж, хар жагсаалт гэсэн ойлголт байхгүй болох юм. Мөн зээлдэгч бүр оноотой болж зээлийн эргэн төлөлтөөсөө хамаарч зээлдэгчийн оноо нэмэгдэж, бодит горимоор оноо нэмэгдэх боломж үүсэх бөгөөд зээлдэгчийн оноо нь биет бус хөрөнгө болно. Одоогийн байдлаар манай улсад зээлийн жигнэсэн дундаж хүү 17%-тай байгаа бөгөөд зээлдэгчийн оноог банкны зах зээлд нэвтрүүлснээр эрсдэл буурч, зээлийн хүү буурна.
Сайн туршлагуудаас үзэхэд дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын банк, санхүүгийн системд зээлдэгчийн онооны системийг ашиглаж байгаа ба манай оронтой зээлийн хүүний хэмжээ ижил түвшинд байсан Вьетнам улсад нэвтрүүлснээр зээлийн хүү 3.2-3.8 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Мөн Энэтхэг улсад 119 сая хүн шинээр зээл авах боломж бүрдсэн гэсэн судалгаа гарсан байна.