ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лу.Гантөмөр: Эдийн засгийн эрх чөлөөг авчрах бүтээлч цаг бол бидний хийх дараагийн шинэ хувьсгал

O.Admin
2025-04-08

Ардчилсан нам байгуулагдсаны түүхт 35 жилийн ой өчигдөр дуулиан шуугиантай өнгөрлөө. Тус намын баярын хурал болж, АН-ын дарга Лу.Гантөмөр үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгнээс онцлох ишлэлийг түүвэрлэн уншигч танд хүргэе.

-Ардчилсан намын 200 мянган гишүүдийн итгэл үнэмшил, хөлс хүч, хүсэл тэмүүллийн үнэ цэн, үнэт зүйл хатуу чанад байж эргэлзээ, тэмцэл, гомдол, сорилт, дарамт, эрсдэлийн дундуур зориг мохохгүй урагшилж, итгэл найдвараа алдалгүй эрчлэн ирсэн энэ 30 жилийн түүхэн замнал бол манай улсын орчин үеийн нэн шинэ түүх юм.

-Ардчилсан нам Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 80 хувийг 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө бүрдүүлж, УИХ-аар батлуулж чадсан. Энэ бол биднийг бодлогоо хэрэгжүүл, ажил хий гэж сонгосон хагас сая орчим сонгогчийн маань хүлээлгэсэн үүрэг хариуцлага байсан юм.

-Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил, ардчиллын ирээдүйг бататгахын төлөө бүгд хамтдаа мөр зэрэгцэн алхах бүтээлч цаг бидний өмнө ирсэн байна.

-Хамтрах хэрэггүй байсан гэх хатуу үгийг надад ч, намынхаа гишүүдэд ч хэлсэн. Одоо ч илэрхийлсэн хэвээр байгаа. Гагцхүү Ардчилсан нам энэхүү санал бодлын ялгаатай байдлыг ангилан нухчин дарах бус харин хүн бүрийн, гишүүн бүрийнхээ үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө хатуу зогсдог эрх чөлөөний үнэт зүйлтэй улс төрийн хүчин юм.

-МАН дангаараа засаглаад Монголын эдийн засаг уруудах нь бидэнд хамаагүй. Хөгжил нь гацаасай, “МАН Монгол Улсыг муу удирдсанаар дарангуйлал дахин тогтвол бид хариуцлага хүлээхгүй” гэсэн жалгын эрх ашгаар асуудлыг харж болохгүй. Бид илүү том зорилго тавьж, илүү том ажлыг төлөвлөж, түүнийхээ төлөө хамтран ажиллаж байж БҮТЭЭЛЧ ЦАГийг бүтээнэ. Монгол Улс хөгжинө. Монгол хүн баяжна.

-ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш хадгалах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилт бол хий хоосон тоо, хийсвэр төсөөлөл биш. Энэ бол эрх чөлөөний баталгаа, хөгжилд хүрэх бодит алхам юм. Ард түмнээрээ дүнгээ тавиулах 2028 онд монгол хүний орлого 10.000 долларт хүрч, утаа түгжрэл арилсан байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-Эдийн засгийн эрх чөлөө бол улс төрийн эрх чөлөөний баталгаа гэж бид үздэг. Ардчилсан нам 1990 онд Монгол Улсад улс төрийн эрх чөлөөг авчирсан. Бидний өнөөдрийн түүхэн үүрэг бол монгол хүн бүрд эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлж, орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх явдал.  Чухам энэ  зорилгыг бодит ажил болгохын тулд Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байна.

-Монгол Улс урагшлах бүтээлч цаг ирсэн байна. Гучин жил бугшсан хамгийн хүнд салбаруудын суурь асуудлууд руу ханцуй шамлан орж, зоригтой ажиллаж байгаа сайд нартаа урам өгч, талархал илэрхийлье. Цаг үргэлж дэмжсээр байх болно гэдгийг АН-ын даргын хувьд ам бардам хэлье. Хувийн эрх ашгаа умартан  эх орныхоо эрх ашгийг нэгт байна гэдэгт эргэлзэхгүй зүтгэж буй журмын нөхдөдөө баярлалаа.

-Ардчилсан нам бол ардчилсан хувьсгалыг хийж монголчуудын гурван зуун жилийн мөрөөдлийг биелүүлсэн нам. Өнөөдөр энд сууж буй Та бүхэн бол Монголын ардчиллын амин сүнс, Монголын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа

-Ардчилсан нам бол авдаг нам бус өгдөг нам. Тэртээ 35 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг хийсэн цагаас хойш ард түмэндээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бизнес хийх, хувийн өмчтэй болох эрх чөлөөг өгч, байрыг эздэд нь, малыг малчдад нь өгсөн. Бид хүүхдийн мөнгийг өгсөн. 1992 оны Үндсэн хуулиар газрын хэвлий дэх байгалийн баялаг бол ард түмний өмч байх ёстой гэдгийг хуульчилж өгсөн.

-Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч баялгийн санг эхлүүлснийг бид 17 жилийн дараа 2024 онд хуульчиллаа. Харин одоо энэ хуулийн хэрэгжилтийг амилуулж Үндэсний баялгийн санг хуримтлалтай болгох замаар ирээдүйн иргэдэд ижил тэнцүү хүртээх хуулийг хэрэгжүүлэхийн төлөө “Стратегийн ордод нэмж 39 ордыг төвлөрүүлж, 34-50 хувийг нь ард түмэнд шударгаар хуваарилах ёстой” хэмээн “Хөх Монголын хөх туг” аяныг  санаачлан зохион байгуулж байгаа гишүүддээ баяр хүргэцгээе. Хонхны дуу зоригийг улам бадраа. Хөх Монголын эрх чөлөөний хөх туг үргэлж мандаж байг ээ.

-Та бүхний итгэл үнэмшил, хичээл зүтгэлийн үр дүнд бид энэ улс орныг шинэ шатанд гаргаж чадна. Монголын ард түмэн биднээс итгэл хүлээж байна. Ардчилсан нам тэр итгэлийг биелүүлэхийн төлөө өөрчлөгдөж, шинэчлэгдэж, урагшлах болно.

-Ардчилсан намд нэг зорилго бий. Тэр нь эрх чөлөөтэй, хөгжсөн, баян Монгол орон. Эрх чөлөөний гал айл бүрийн голомтод бадарч, Монгол Улс хөгжил дэвшлийн замдаа нэг хүн шиг, нэг зүрх шиг урагшлах болтугай!

-Монголын ирээдүй гэрэлтэй байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Агуу түүхтэй Монголын тал нутагт эрх чөлөөний үзэл санаа хэзээ ч унтарч байгаагүй. Өнөөдөр ч, ирээдүйд ч өвгөдийн манаж ирсэн тэр эрх чөлөөний галыг Ардчилсан нам унтраалгүй өртөөлөн авч явсаар  тосон ирэх ирээдүй үеийнхэнд эдийн засгийн хөгжилтэй хамт хүлээлгэн өгөх болно. Монгол эх орныхоо төлөө хамтдаа алхацгаая. Хонхны дуу зоригийг бадраа. Хонхны дуу хөгжлийг дуудах болтугай.