ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Алтангэрэл: Зарим нь инээд хүргэж, зарим нь гайхал төрүүлнэ

O.Admin
2025-03-24

Хууль зүйн сайд О.Алтангэрэл "Ноорог"-ийн асуудлыг хөндсөнөөс хойш твиттерт троллуудад шүүмжлүүлж байна гэв. Тэрбээр, "Хааяа Х ордог юм. Шалгаач, хариуцлага тооцооч гэсэн хэд гурав, Женкогийн тавиул гэсэн ганц нэг, засагтай холбоотой хэдэн бичиглэл байдаг бол энэ 7 хоногт эрс өсчээ, хэдэн зуугаараа л байна. Эрүүл шүүмжлэл, санаа авахаар зүйлс байхад гүтгэлэг, доромжлол, мушгин гуйвуулалт ч битүү байх. Зарим нь инээд хүргэж, зарим нь гайхал төрүүлнэ. Гээд яахав, бүгдэд нь чадахгүй ч хэдэд нь хариулъя. 

Өгсөн мэдээлэлдээ хариуцлагаа хүлээнэ гэж зүгээр хэлээгүй ээ. Арьсаа хамгаалдаг, бултдаг биш асуудлыг шийддэг, алдвал шууд явдаг байя гэсэн юм. Одоогоор хэдэн гүтгэлэг, эвлүүлэг, гуйвуулгаас өөр хэлснийг маань няцаасан зүйл байхгүй байна. Тогтоогдсон, батлагдсан гэсэн гэж гүжирдэхээс авахуулаад хүний нэр хэлсэн зэргээр зохиомжилсон доорх шиг постерууд бол зөндөө. Бичлэг нь нэтэд бий шүү дээ уг нь.

Эрүүгийн хуульд мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. (Э.х 20.17)

Би уг нь хэвлэн нийтлэх эрхэд халдсан байна уу гэдэгт ач холбогдол өгсөн юм. 18-ны өглөөнөөс эхлэн мэдээлэл авсан учраас хүний эрх зөрчсөн эсэх талаар танилцуулахыг цагдаад үүрэг болгосон. Хамгийн гол нь тагнуулын байгууллагын харьяаны хэргийг шалгасан бол маш том зөрчил болох учраас. Цагдаагийн байгууллага хэргээс ямар хэсгийг мэдээлж болох талаар 3.19-нд прокурорын зөвшөөрөл авч, тэрхүү зөвшөөрлийн хүрээнд олон нийтэд мэдээлэл хийж, миний бие ч тэр хүрээнд танилцаж, мэдээлэл өгсөн.

"Хэрэг ярьлаа" гэсэн шүүмжлэл байна. Хүмүүс ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тухай мэдээллийг ЭХХШТХ-ийн 29.3.5-д зааснаар ярьсан. Энэ зүйлд ганцхан цагдаа ярина гэж заагаагүй. Гэхдээ шүүмжлэлийг хүлээн авч байна. Харин цаашдаа "танай цагдаа ингэлээ, болсон хэрэгт тайлбар өг, эрүүдэн шүүлээ" гэх мэт шаардлагад хариулт өгөх хүндрэлтэй болох нь.

Ухаа худагтай холбоотой тогтоолыг өргөн барихаар УИХ-н тамгын газарт хүргүүлээд тов тогтоолгохоор хүлээж байгаа. Энэ явдалд сатаараагүй ээ.

Эцэст нь шалгагдаж буй залуусын гэм бурууг гагцхүү шүүх тогтооно. Шалгаж байгаа нь тэд буруутай гэсэн үг огт биш. Хэнийг хэрхэн шүүмжлэх, үзэл бодлоо яаж илэрхийлэхээс үл шалтгаалан хэвлэн нийтлэх эрх нь хамгаалагдах ёстой. Хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана аа" хэмээжээ.