"Гацуурт" ХХК-ийн захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбат компанийнхаа эзэмшилд байдаг 1559 УБЦ "Ланд крузер" 200 маркийн автомашинаар мотоцикл, морьтой залуусыг дайрч унагахаар хөөж, заримыг нь унагаж буй бичлэг сошиал орчинд тарсан билээ.
Тэгвэл Л.Чинбат энэ үйлдлээ тайлбарлахдаа "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэжээ. Харин Цагааннуур сумын гуравдугаар Багийн Засаг дарга Д.Ганзоригийн тайлбараар бол Л.Чинбат нь 360 гаруй тооны адууг Дорнод аймгаас оруулж ирэхдээ гарал үүслийн бичиггүй, мөн халдварт өвчний голомттой сум, аймгаар дамжуулан хөлөөр оруулж ирсэн ажээ.
Тиймээс багийн удирдлага болон малчдын зүгээс гарал үүслийн бичиг шаардаж, газар нутгийг нь тахалж мэдэх ийм их адууг ямар нэг зөвшөөрөлгүйгээр суманд оруулж ирсэн асуудалд нь шаардлага тавихад бухимдаж, ийнхүү эсэргүүцсэн залуусыг машинаараа хөөжээ. Мөн тус багийн ИНХ-ын дарга бүсгүйг "Гацуурт" ХХК-ийн ажилчид бүлэглэн зодсон гэх асуудал ч яригдаж байгаа аж.