ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Шаарийбуу: Уучлаарай гэдэг ганцхан үгийг хэлүүлэх гэж 16 жил явлаа

O.Admin
2022-12-19

Иргэн С.Шаарийбуу болон хэргийн өмгөөлөгч Б.Баяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би хэвлэлийн хурлын өмнө охиндоо нэг минут хүндэтгэл үзүүлмээр байна. Энэхүү хэргийн араас миний бие маш олон жил тэмцсэн. Эцэст нь хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж явж ирсэн.

Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй. Хэрэгт холбогдсон этгээдүүд "Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан" гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн юм. Харин хэрэг 2018 оноос байдал өөрөөр эргэж эхэлсэн. Тэд Малайзын төрийн мэдэл бүхий хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөх зүйлс ярьж эхэлсэн юм.

Ингээд миний бие Малайзын нэртэй хуульч, өмгөөлөгч Карпал Сингхтэй хувь тохиолоор учирсан. Тэр хүн надад тусалъя гэсэн юм. Гэхдээ тэр хүн энэхүү хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж магадгүй. Чи тэвчээртэй байх хэрэгтэй хэмээн хэлж байсан удаатай. Ийнхүү би хэргийн үнэн мөний төлөө зүтгэсээр байсан. Ингээд шүүх хурал эрчимтэй явагдаж хэрэг шийдэгдсэн. Энэхүү хэрэг бол шударга бусын хонгилын сонгодог жишээ юм. Авлига гэдэг ингэж бугшиж явдаг юм байна гэдгийг бид харж болно. Малайз улсын тогтолцоо нь хэдэн эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөнд байдаг. Шашин, нутаг ус гээд бүх зүйл нь өөр байсан.

Энэ бүхнээс болж хэрэг маш олон жил шийдэгдэлгүй явсан юм. Гэвч бид хэзээ нэгэн цагт энэхүү хэрэг шийдэгдэж үр дүнд хүрнэ гэдгийг мэдэж байсан. Та бүхэн минь хэргийн мөнгөн дүн буюу тоонд битгий ач холбогдол өгөөрэй. Би баярлахгүй байгаа. Учир нь үр хүүхдээ алдан гэдэг буцаад юугаар ч нөхөж орлуулж болохгүй гай зовлон байдаг. Ингээд цаашид би шударга үнэний төлөө шүгэл үлээх болно. 

Уучлаарай гэдэг ганц үгийг хэлүүлэх гэж 16 жил өөрийгөө ломбардах нь холгүй явлаа. Би охиноо маш их санадаг. Тухайн цагийн аясаар чаддаг, мэддэгээрээ амьдрах гэж зүтгэсэн олон мянган залуусын нэг нь миний охин байсаан. Нэг иргэнийхээ төлөө Малайз руу захидал бичсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баярлалаа. Миний хүү шиг л хүн, амжилт хүснэ ээ гэсэн юм.