ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: А.Намсаманд нар төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гаргасан

O.Admin
33 минутын өмнө

Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан дөнгөж сая өөрийг нь улс төрийн зорилгоор гүтгэж буй гэх асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр, намайг албан ажлаар явж байх зуур хоёр ч удаа миний нэр хүндэд зохион байгуулалттай хадлаа. Энэ бол санамсаргүй биш эртнээс төлөвлөсөн хууль бус гүтгэлэг. Х.Тэмүүжинг сайд байхад яг ийм байдлаар хуулийн байгууллага нь сайдынхаа эсрэг ажиллаж унагаж байсан.

Төр, тангараг, цолны ард нуугдсан хууль шүүхийн байгууллагын  дарга нар төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон. Дээр нь тэд хуулиар далайлган гадаад дотоодын аж ахуй нэгжүүдийн эзэмшдэг алтны уурхай, бусад бизнесийг дээрэмдсэн гээд асар олон хэрэг үйлдсэн бүлэг этгээд.

Тэдний хууль бус үйлдэл илчлэгдэж одоо амь тавьж байгааг нь та бүхэн харж байна. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд гэхэд л хоригдлуудаар хувийн орон сууцаа бариулж, 450 сая төгрөгийг хахууль авсан нөхөр. Намайг авлига авъя гэж орж ирээд миний өрөөнөөс хөөгдөөд гарсан. Би шударга ажиллаарай гээд Ерөнхийлөгчид уламжилж, "Бригадын генерал" хүртэл болгуулж байлаа.

Намайг хүүхдээ хүчирхийлж, жирэмсэн болгосон гэдэг зохион байгуулалттай хүний ёсонд баймгүй гүтгэлэг тараалаа. Хэрвээ миний охин үрээр тоглох гэж байгаа бол би эцэг хүний хувьд, эр хүний хувьд хуулийн хүрээнд эцсээ хүртэл явна гэдгээ хатуу хэлье. Би хүүхэд байхаасаа аав, ээж ах дүү нарынхаа хайр халамжинд өссөн. Гэр бүлийн нандин үнэ цэнэ гэдэг зүйлийг мэдэрч өссөн хүн. Гаж донтонгуудын намайг гүтгэсэн энэ үйлдэлд би Монгол Улсын иргэн хүний хувьд гомдол гаргасан.

Удган Б.Булнай гэх эмэгтэй удаа дараа цагдаагийн байгууллагын тендер авч байсан этгээд. Намайг зохион байгуулалттай гүтгэсэн энэ хүн Г.Занданшатарын хамаатан гээд арын өрөөнд нь сууж байдаг. Би энэ хүнийг шалгуулна. Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа ардаа алтны уурхайтай Б.Оюутболд гэж хүнийг Экологийн цагдаагийн даргаар томилсон. "Вайнд майнд" ХХК 5 тэрбум төгрөгийг хээл хахуульд өгсөн асуудал бий. Намайг ч элдэв хүмүүсээр дамжуулж, худалдаж авахаар оролдсон. Үүний цаана Г.Занданшатар, Б.Оюутболд нар байгаа.

Б.Энхбаяр 777 цагдааг халж, 13 дахь сарын цалинг нь олгохгүй, 7.9 тэрбумыг ШШГЕГ руу А.Намсамандтай үгсэж шилжүүлсэн. Намайг сайдаар ирэхэд "хар тамхи илрүүлэх тест 24-хөн ширхэг байна. Тест авч өгөөч" гэсэн байдалтай байсан. Хар тамхийг албаар эзэнгүй болгож, залуусыг хар тамхинд живүүлэх хорлох ажиллагаа. Үүний ард улстөрчид, урлаг соёлынхон, ТӨК-ийн захирлууд хүртэл бий. ЦЕГ дотроос хүртэл "хэргийг битгий мөрд, хаа" гэдэг үүрэг өгч байна.

 

Төрийн цэргийн байгууллага хорих ангиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, ард түмний эсрэг, төрийн эсрэг хорих ангиудыг, хоригдлуулыг дайчлах гэж байсан. Төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон. ШШГЕГ-ын эдгээр дарга удирдлагуудыг солих асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Тагнуул, АТГ-т бүх материалыг өгч шалгуулна.

Монгол Улсын эсрэг асар ноцтой, зохион байгуулалттай үүссэн асуудлыг УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хаалттай танилцуулна” гэлээ. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдлын эсрэг гадаад иргэдийг Монгол Улс руу оруулж, гаргах, оршин суухтай холбоотой асар ноцтой асуудал байгаа хэмээн мэдэгдлээ.