ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дуучин шиг дуучин

O.Admin
1 цагийн өмнө

“Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаасаа нийтийн дууны урлагт зүтгэж, 25 жил тасралтгүй тайзан дээр гарч, 150 гаруй дууг ард түмэндээ хүргэснээс 100 гаруй нь хит болж чадсан тэнхээтэй, тамиртай, чадалтай, чансаатай уран бүтээлчид өнөө цагийнхан дотор байтугай алтан үеийнхэн дотор ч цөөхөн бий.

Тэрхүү даацтай дуучдын нэг бол Лосолын Болдбаатар гавьяат гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ. 2000 оны эхэн үеэс эхэлсэн “нийтийн дууны алтан үе” гэгдэх С.Жавхлан, Т.Баясгалан, Э.Оюумаа, Ч.Бат-Эрдэнэ нарын хоршил, Л.Чулуунбаатар, Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан зэрэг нэгэн үеийнхэн цойлж, уран бүтээлээрээ өрсөлдөж, илүүрхэж, зиндаархаж байх цагт Л.Болдбаатарын зөөлөн атлаа уянгалаг, мэргэжлийн атлаа мэдрэмжтэй дуу хоолой тэр дундаас цойлон гарч байв. “Хар нүдэн бүсгүй”, “Холын тэнгэр аав минь”, “Үерхлийн дуу”, “Сэм сэмхэн” зэрэг шилдэг дуунууд нь тухайн үедээ FM, радиогийн шилдэг жагсаалтыг тэргүүлдэг байлаа. Энэ цагаас тасралтгүй дууны уран бүтээлээ туурвиж, 25 жилийн хугацаанд 17 удаа бие даасан тоглолтоо хийчихсэн хэлэх үгтэй, хийсэн бүтээлтэй уран бүтээлч болж чаджээ, тэр.

2021 онд гэхэд л төрсөн өдрөөрөө хийсэн бие даасан тоглолтоо дөрвөн өдөр дарааллан “Бөхийн өргөө”-нд хийж, дүүрэн үзэгч цуглуулж чадсан амжилт ганцхан түүнийх юм. Зарим дуучид замын дундаас шантарч, уран бүтээлээ завсарлан өөр салбарт урваж одсон бол алтан үеийнхэн гэх тэр л тодотголыг авч үлдэхийн тулд хичээсэн 25 жилийн хөдөлмөр, бүтээлээ одоо л жинхэнэ утгаараа Монголын ард түмний өмнө дэлгэн тавих шийдвэрээ 10 жилийн өмнө гаргасан аж. Тэрбээр, Төв цэнгэлдэх хүрээлэнд бүрэн хэмжээний уран бүтээлийн тайлан тоглолтоо тавихаар бэлтгэж буйгаа сар гаруйн өмнө дуулгав.

Энэ сарын 19-ний өдөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д түүний 18 дахь бие даасан тоглолт нь болж, шилдэг 33 дуу нь дөрвөн цагийн турш эгшиглэх гэж байна. Эх нутаг, ижий аав, элгэн садан, үерхэл нөхөрлөл, хайр хагацал, хамгийн гол нь монголчууд “Монголоо дуулах” энэ үдшийг тэр 10 жилийн турш хүсэн мөрөөдөж, ийм хэмжээнд уран бүтээлч болсон гэдгээрээ бяцхан бахархаж, догдлон суугаагаа дуулгана билээ. Дуунд хайртай монголчууд энэ өдөр зөвхөн Монголоо дуулахаар цуглацгааж, найрлах гайхалтай өдөр нь эрхэм уран бүтээлчийг ямархуу чансаатайг илтгэх өдөр байх биз ээ. Дуучин гэвэл дуучин гэж түүнийг л нэрлэнэ гэж боддог фэнүүд нь монгол дээл хувцсаа базаан хүлээж байна шүү. Санахын гэгээтэй сайхан үдшийг бидэнд бэлэглээрэй, Болдоо. Үнэнч фэнээс нь.