Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгосон шийдвэрийг өчигдөр танилцуулсан юм. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос цөөн асуултад хариулт авсан юм.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн нэмэхээр болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулийн дагуу хоёр жилд тутамд 01-ээс доошгүй удаа шинэчлэх ёстой. Энэ дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 1904, өдрийн 15200, сарын 320.000 төгрөг болгож шинэчлэн баталлаа. Энэ шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөнө. Мөн 2019 оны төсвийн төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Тиймээс энэ төслийг боловсруулахаас өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх шаардлагатай учраас яаралтай мэдээлэл хийлээ.
-Төрийн албан хаагчдын цалинг дагаад нэмэх үү?
-Төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээ 380 мянган төгрөг байгаа. ОУВС-тай хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан хэлэлцэх ёстой.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр дагаад түүнтэй дүйцэхүйц торгууль нэмэгдэх үү. Энэ асуудалд ямар нэгэн хяналт тавьж байгаа юу?
-Торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй шууд уяагүй. Тодорхой нэгж тогтоогоод нэгжээр торгуулийн хэмжээг заадаг болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаад торгуулийн хэмжээ өсдөг нь буруу жишиг юм.
-Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр шаардаад байгаа шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ. Ажил хаяхгүй байх талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Багш нарын түр хорооноос цалин нэмэхгүй бол ажил хаяна гэсэн мэдээлэл байгаа. Одоогоор манай яаманд албан ёсоор мэдэгдсэн юм алга. Монгол Улс өөрийн хууль тогтоомжтой. Хэн дуртай нь ажил хаяна гэж нийгмийг донсолгоод айдаст автуулж, дарамталж болохгүй. Ажил хаяна гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа. Түр хороо гэж байгууллага гарч ирээд улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулчихдаг эрх зүйн үндэс байхгүй.
Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байгааг санах хэрэгтэй. Ажил хаях асуудал байхгүй байх.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгаа талаар ОУВС-тай зөвшилцсөн үү?
-Өнгөрсөн хоёрдугаар сард ОУВС-гийнхан ирж ажилласан. Энэ үеэр бид төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлага байна гэсэн асуудлыг хөндсөн. 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт нэмээгүй. Зайлшгүй нэмэх шаардлага байна гэсний үндсэн дээр энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болоод байна. Өнөөдөр үргэлжлүүлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлаар хуралдана. Нэгдсэн ойлголтод хүрвэл төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.