ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Ухань хот 11 мянган иргэнээ лабораторийн шинжилгээнд хамруулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-13

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит 11.00 цагийн мэдээллээ хийлээ. “Covid-19” вирус өнөөдрийн байдлаар дэлхийн 215 улс оронд бүртгэгдэж, 4.3 сая гаруй хүн өвчилж, 292 мянган хүн нас барж, 1.6 сая иргэн эдгэж, эмнэлгээс гарчээ. Мөн 2.4 сая иргэн яг одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэлээ. Энэ талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өгсөн юм. Тэрбээр, “Сүүлийн 24 цагийн дотор 83 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ. 500 гаруй хүн нас барсан.

Энэ нь өмнөх өдрөөс 11 мянган шинэ тохиолдолд, 2000 гаруй нас баралтаар нэмэгдлээ. Тархалт өндөр, дэлхийн олон оронд эрчтэй тархсаар байгаад илтгэж байна. Мөн халдвар анх бүртгэгдсэн БНХАУ-ын Ухань хотноо 45 хоногийн дараа долоон шинэ тохиолдол бүртгэгдэж, голомтлон бүртгэгдлээ. Тиймээс тус хотын засаг захиргаа 11 мянган хүнээ лабораторийн шинжилгээнд хамруулах шийдвэр гаргалаа. Манай улсын тухайд 42 батлагдсан тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, эмчлүүлснээс 15 хүн эдгэрсэн. 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Ажиглалтад 984 хүн байна.

Өчигдөр 35 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. 49 эмч, эмнэлгийн ажилтан тусламж үйлчилгээ үзүүлж байна. Гадны есөн улс орноос монгол иргэд холбогдож зөвлөгөө мэдээлэл авлаа” гэсэн юм. Харин орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 10 эмч ажиллаж, 3537 зорчигчид вирус илрүүлэх тандалт, судалгаа хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэлээ. Мөн ЗӨСҮТ-ийн багийнхан Гуанжоу-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн хоёр онгоцны 1000 гаруй ачаа тээшийг ариутгаж халдваргүйжүүлжээ. 24 цагийн шуурхай утсаар 200 гаруй иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан бол, шуурхай аппликейшнд мөн 40 орчим дуудлага иржээ. Иргэдийн зүгээс хүүхдүүд максгүй тоглож байна, ундаа зайрмагийг ам дамжуулан хэрэглэж, ууж байна гэсэн дуудлага, гомдол ихээр ирж байгаа аж. Тиймээс эцэг, эхчүүдийг үр хүүхэддээ тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг санууллаа.