Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаархи ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байгаа аж. Дэлхий даяар 1.698.323 мянган хүн коронавирусийн халдварт өвчнөөр өвчилж, 102,696 мянган хүн нас барсан байна. Нас барсан хүний тоо ихэссэн үзүүлэлт гарч, 376,296 хүн эдгэрээд байгаа аж.
Манай улсад зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэний 4 нь эдгэрч, ажиглалтад байна. Манай улсад коронавирусийн шинжилгээ авсан 371 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Өвчтөнүүдээс цус, шээс зэрэг бусад шаардлагатай шинжилгээнүүдийг авч байгаа. Иргэд анхаарлаа сулруулж болохгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Өнөөдрийн байдлаар /2020.04.11/ манай улсад сэжигтэй шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ-д тусгаарлаж байсан 6 хүний давтан шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй байна.
Азийн орноос 2 улс анхаарал татаж байгаа бөгөөд БНСУ-д 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Япон улсад 589 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа аж. БНСУ-ын залуучууд бар, цэнгээний газарт их орж байгаагаас өвчлөл ихэсч байгааг хэллээ. Мөн ОХУ-нь коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй улсын нэг болоод байгаа аж.
Коронавирус халдвар нь улирлын томуутай, хавсарч байгаа нь өвчин тархах үндэслэл их болж байгааг ЭМЯ-аас хэллээ.
Дулаарч байгаагаас үүдээд манай иргэд маск зүүх, бээлий өмсөх нь багассан байна. Тиймээс иргэд амны хаалтаа сайн зүүж, бүх юманд хүрч бохирддог гарын ариун цэврийг сайн сахиж, нимгэн цагаан бээлий өмсөхийг анхааруулж байна. Иргэд маскаа зүүж гараа угаахгүй байх нь үр дүн муутай учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь авч амны хаалтаа сайн зүүж, гараа тогтмол угааж, олон нийтийн газраар бага явах хэрэгтэйг мөн анхаарууллаа.
Олон нийтийн сүлжээгээр “ЭМЯ, Онцгой комиссоос үүрэн тeлeфоны хэрэглэгчдэд сэрэмжлүүлэг мecceж явуулахдаа 3.7 тэрбум төгрөг зарцуулсан” гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээлэл худал ташаа болохыг ЭМЯ-аас тайлбар хийлээ.
Цахим орчинд идэвхтэй байдаг иргэд цаг үеийн мэдээ, мэдээллийг сайн нягтлан шалгаж, албан эх сурвалжтай мэдээлэлд итгэхийг анхааруулав.