ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Налайх дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр Дулааны станц барих ажил эхэллээ

O.Admin
1 цагийн өмнө

Өнөөдөр /2026.06.29/ Налайх дүүрэгт улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ дулааны станц барих барилгын суурь тавих ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон Налайх дүүргийн Засаг дарга ДНаянбаяр, иргэдийн төлөөлөл оролцлоо. Дулааны станц нь тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бөгөөд 79 МВт-ын хүчин чадалтай, 7,900 өрх, 13,000-19,000 айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангана.

Төслийн хүрээнд 1.4 км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, 0.5км шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан төслийг нээж хэлсэн үгэндээ "Шинэ дулааны станц нь зөвхөн шинэ дулааны эх үүсвэр байгуулах төдий бус, дүүргийн урт хугацааны хөгжил, орон сууцжуулалт, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалт гэдгийг онцоллоо.

Харин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хэлсэн үгэндээ "Шинэ дулааны станц ашиглалтад орсноор орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн дулааны эх үүсвэрийн хүрэлцээ сайжирснаар хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүдэд ч төвлөрсөн дулаанд хангах боломжтой болж байгааг тодотгож, Улаанбаатар хоттой хамгийн ойрхон дүүрэг учраас жилээс жилд хүн ам нь өсөн нэмэгдэж байна.

Дулааны станц баригдсанаар нам даралтын уурын зуух, гэр хорооллын нүүрсний хэрэглээ багасна. Орчин үеийн өндөр үр ашигтай технологи ашигласнаар утаа, тоосонцор, хүхэрлэг хий зэрэг бохирдуулагчийн ялгаралт эрс буурна. Налайх дүүргийн төдийгүй Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна гэдгийг цохон тэмдэглэлээ.