ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Алт-3" аяныг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, бэлтгэнэ

O.Admin
2 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдсан асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө.

Үүнд:

- Үндэсний их баяр наадмын өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж, шинжээч томилох үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр холбогдох асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх

- "Алт-3" аяны хүрээнд боловсруулж буй Засгийн газрын тогтоолын төслийн ажлын хэсгийн хурлыг шуурхай зохион байгуулж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,

- Онгоцны түлшний нөөцийн асуудалд онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авч хэрэгжүүлэх,

- Бадрах Энержи компанитай холбоотой ажлын хэсгийг албажуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх,

- Цөм, цацрагийн лаборатори байгуулах ажлыг эрчимжүүлж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөх,

-Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас хэрэгжүүлсэн үр дүнтэй ажил, арга хэмжээг олон нийтэд тайлагнах сурталчлан таниулах ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.