ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Ганхуяг: Засгийн газрын санаачилгаар 3.6 их наядын татварын ачаалал буурлаа

O.Admin
10 цагийн өмнө

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж ажилласан билээ. Тэгвэл ажлын хэсэг эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж, өнөөдөр Улсын Их Хурлаар эцэслэн батлууллаа. Ингэснээр иргэн, ААН-д нийт 3.6 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх түүхэн шинэчлэл хэрэгжихээр болж байна хэмээгээд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өгөв. 

Тэрбээр, "Хамтран ажилласан ажлын хэсгийн гишүүд, санал бодлоо хуваалцсан иргэд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Онцлох зохицуулалтууд:

- ХХОАТ: 792 мянган төгрөг хүртэлх сарын орлогод 0%

792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод 1%-ийн татвар ногдуулахыг 2028.01.01-нээс хэрэгжүүлнэ

- НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх жилийн орлогын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр олон мянган жижиг, дунд бизнесийн татварын ачаалал буурч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж байна.

- Татварын өртэй аж ахуйн нэгжийн данснаас өмнө нь 100 хувийг шууд суутгаж, дансыг хаадаг байсан бол цаашид өрийн 70 хувийг төвлөрүүлж, үлдсэн 30 хувийг тухайн аж ахуйн нэгжийн дансанд үлдээх зохицуулалттай боллоо. Ингэснээр бизнес хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.

- Импортлогч хүсэлт гаргасан тохиолдолд НӨАТ-аа 2 хүртэлх сараар хойшлуулан төлөх боломжтой боллоо.

- Орон сууц худалдахад авдаг 2%-ийн татварыг хүчингүй болголоо. Иргэн өөрийн өмчилсөн орон сууцаа худалдах үед төлдөг байсан борлуулалтын үнийн дүнгийн 2%-ийн татварыг бүрэн цуцаллаа.

- Татвар төлөгч өөрийн алдаа, зөрчлөө сайн дураараа засах боломжийг өргөжүүлж, тайлан залруулах хугацааг уртасгалаа. Мөн алдангийн дээд хэмжээг Иргэний хуультай уялдуулан 50 хувиар тогтоов. Энэхүү шинэчлэлийг хийхдээ иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, татварын тогтолцоог илүү шударга, уян хатан, болгох чиглэлд онцгой анхаарч ажиллалаа" хэмээлээ.