ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

САЙН МЭДЭЭ: Дэлхийд тэргүүлэгч CATL компани Төв аймгийн Сэргэлэн суманд төсөл хэрэгжүүлнэ

O.Admin
9 цагийн өмнө

-Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье”  бодлогын үр дүнд бий болж буй дэд бүтцийн орчин олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна-

БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Contemporary Amperex Technology Co., Limited буюу CATL /Си-Эй-Ти-Эл/ компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Робин Зэнийг хүлээн авч уулзлаа. 

CATL компани цахилгаан автомашины батарей, эрчим хүч хадгалах систем, батарейн дахин боловсруулалт, батарей солих шийдэл, ухаалаг эрчим хүчний системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2025 онд 423.7 тэрбум юанийн орлоготой ажиллаж, 661 ГВт.цаг лити-ион батарей борлуулснаараа ес дэх жилдээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд олон улсын зах зээлийн 39.2 хувийг дангаараа эзэлдэг. Мөн эрчим хүч хадгалах батарейн нийлүүлэлтээр таван жил дараалан дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Дээрх уулзалтаар Монгол Улсын эрчим хүчний шилжилт, батарей хураагуурын дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов. Тэргүүн ээлжинд Төв аймгийн Сэргэлэн суманд тус компанийн хөрөнгө оруулалтаар 100-400 МВт.цаг хүчин чадалтай батарей хураагуурын төсөл хэрэгжүүлнэ. Цаашлаад батарейн чанарын шаардлага хангасан түүхий эд боловсруулах, цэвэршүүлэх, эд анги, бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсад угсрах, хаягдлыг дахин боловсруулах зохицуулалт, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж үүсэх юм. Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг өсөн нэмэгдэх, сэргээгдэх эрчим хүч илүү өргөн хэмжээнд нэвтрэх, оргил ачааллыг зохицуулах, цаашлаад цахилгаан хөдөлгөөн, ногоон дата төв, хиймэл оюуны дэд бүтэц зэрэг ирээдүйн эдийн засгийн суурийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Ийнхүү дэлхийд тэргүүлэх технологи, үйлдвэрлэлийн томоохон компани Монгол Улсад стратегийн хөрөнгө оруулагч болж буй нь Монголын эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилт, батарей хураагуурын дэд бүтцийн хөгжилд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буйг харуулж байна. 

Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарт олон жилийн турш зөвшөөрөл, зохицуулалт, шийдвэр гаргалтын удаашрал, процессын давхардлаас шалтгаалан хүлээгдэж ирсэн төслүүдийг урагшлуулах зураглал гаргасан. Үүний үр дүнд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх анхны нээлттэй, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зарлаж, нийт 115 компани сонирхол илэрхийлсэн. Сонгон шалгаруулалтын явцад 19 компани оролцож эрчим хүч нийлүүлэх үнэ 4.8 цент хүртэл буурсан нь ил тод, өрсөлдөөнт, зах зээлийн зарчимд суурилсан шинэ аргачлалын үр дүнг харуулж байна. 

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газрын нэмэлт баталгаа шаардахгүйгээр нээлттэй өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцсон нь Монгол Улсад шударга, ойлгомжтой, өрсөлдөөнт зарчмаар хөрөнгө оруулах итгэл хадгалагдаж байгаагийн илрэл юм.