УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр болсон УИХ-ын чуулганы "Асуулгын цаг"-ийн үеэр Ерөнхий сайд Н.Учралаас "Туулын хурдны зам бол түгжрэл бууруулах шийдэл байсан. Гэтэл АН-ын хэдэн нөхөд улстөржсөөр байгаад гацаачихлаа гэж байна. Нээлттэй ил тод байх, тендер зарлах гээд бүгдийг үгүйсгэчихлээ. Хэнд хамаатай юм гэдэг байдлаар хандаж байна шүү дээ. Ингэж тайлбарлаж, ардчилсан улс оронд ажил урагшаа явахгүй шүү дээ" хэмээн асуулаа.
Энэ асуултад Ерөнхий сайд Н.Учрал "Авлигын асуудлаар О.Цогтгэрэл даргатай огт улстөржихгүй. Авлигыг бүгд өөгшүүлсэн. Танай намд ч байгаа. Манайд ч байна. Энэ нөхдөөсөө яаж салж урагшлах вэ гэдэгт золбоотой ажиллацгаая. Би бол унаж босоод, уруудаж өгсөөд, үхэл амьдралын заагаас эргэж ирсэн хүн. Элдэв шунал тачаал алга. Тиймээс би золбоотой ажиллана. Надад таньдаг атаман байхгүй. Кино драм үзүүлэхгүй. Нэг компанийг магтаж, муулж явахгүй. Ажлаараа харуулна. Танай, манай намд байгаа авлигатай хамтдаа л тэмцье. Засгийн газарт хамтраагүй ч авлигын эсрэг тэмцэлд хамтарцгаая. Үзэл санааны хувьд чөлөөлөлтийн бодлого дээр үргэлж оршино. Энэ бол хэн нэгний сэдэв биш та бидний хамтын зорилго.
Би төсөл гацаагч биш. Би бол төсөл хөдөлгөгч. Олон жилийн дуусаагүй яриаг дуусгаж, “Орано майнинг” дээр орчин үеийн боловсролтой залуусыг урьж, ямар ч өр төлбөр ногдохгүй орчин үеийн гэрээ хийсэн хүн. Тиймээс төслийг явуулахад буруу арга хэлбэр ашиглахтай эвлэрэхгүй. Хууль хяналтынхан эргэлзээг тайлж, эцсийн цэгийг тавьтал зогсоо гэж хэлсэн. Авлига ашиг сонирхлын зөрчил байна уу. Гоё нэрний цаана мега тендер, мега хулгай байна уу. Үндэсний зөвшилцөл байх ёстой. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хуулийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг хийх ёстой. Иргэдийн дунд байгаа эргэлзээг тайлах ёстой. Том төслийг би үргэлж дэмжинэ. Ард түмэнд ивээлээ өгөх, эдийн засгийн ач холбогдолтой төслийг явуулна. Харин эргэлзээтэй байвал тэр асуудалд цэг хатгаж байж л урагшаа явна. Ямар ч тохиолдолд нэг юанийн эргэлзээгүй болж байж явуулна. Туулын хөвөөнд өссөн хүний хувьд энэ төсөлд хатуу байр суурьтай байна" гэсэн хариулт өглөө.
