ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Багш, ажилчдын нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо

O.Admin
4 цагийн өмнө

Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор боллоо. 

Ингэснээр боловсролын салбарын багш, ажилчид цалингийн нэгдсэн, нэг сүлжээтэй болж байна. Багш, ажилчдын цалингийн “нэмэгдэл”-ийг албан тушаалын цалингаас тооцож олгоно. Өөрөөр хэлбэл, багш, ажилчид 50 хувь нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авах нөхцөлийг бүрдүүлж Засгийн газрын 2025 оны 224 дүгээр тогтоол, 382 дугаар тогтоолуудад холбогдох өөрчлөлтийг орууллаа. Тогтоолын хэрэгжиж эхлэх хугацааг 2026 оны тавдугаар сарын 01-нээс байхаар шийдвэрлэлээ.

Мөн цалингаас бусад хувьсах зардлын нөлөөллийг инфляцын түвшинтэй уялдуулан 30 хувиар нэмэгдүүлж тооцсон. Энэхүү зохицуулалтыг 2027 оноос хэрэгжүүлэх бөгөөд 2026 онд 2025 оны гүйцэтгэлээс бууруулахгүйгээр бусад хувьсах зардлын санхүүжилтийг олгоно.

Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 1510 байгууллагад ажиллаж буй 44.6 мянган багш, ажилтанд учирсан санхүүгийн болон нийгмийн эрсдэл арилж байна. Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 01-нээс тооцож санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгав. 

Мөн тус хуралдаанаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.