ОУПХ-ны 152 дугаар хурлаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлж, парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгаа талаар цаашид хороо анхааралдаа авч хэлэлцэхээр болжээ. Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхалт хийгдсэн байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг өчигдөр өөрийн нүүр номын хуудсандаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ярихдаа “О.Номинчимэг гишүүн ОУПХ-ны Хүний эрхийн байнгын хорооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Гишүүн болсон даруйдаа байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. Энэ асуудалд тухайн байнгын хорооны гишүүн буюу харьяалах улсынх нь гишүүн оролцох, байр сууриа илэрхийлэх боломжгүй. Харин тухайн байнгын хорооны гишүүн, өөр нэг улсын төлөөлөл асуудлыг танилцуулж, уг асуудлаар хүний эрхийн зөрчил гарсан уу гэх мэтийг шалгадаг юм билээ. Нэгдсэн чуулган дээрээ танилцуулсан юм билээ. Манай улс ОУПХ-нд 1962 онд элсэж, олон жил идэвхтэй гишүүн байж ирсэн. Миний кэйсийн өөрийн чиг үүргийн хүрээнд хурал даргалсныхаа төлөө эрүүгийн ноцтой зүйл ангиар шалгагдаж байгаа нь ноцтой зөрчил гэж үзсэн юм билээ. Дэлхийн олон улс оронд Засгийн газартай парламент нь хариуцлага тооцдог. Манайд ч ийм байж ирсэн.
Гэтэл энийг эрүүгийн зөрчил гэж үзэж шалгаж байгаа нь байж боломгүй гэдэг өнцгөөс хэрэг үүсгэсэн юм билээ. Надад хилийн хориг тавиад удаж байгаа. Чуулганы завсарлагааны хугацаанд би хаашаа ч яваагүй. Олон улсын парламентын холбоонд кэйс очсоны дараа холбогдох мэдээллийг авах гэж холбогддог юм билээ. Өөрсдөө ч холбогдох мэдээллүүдийг өөрсдөө татаад авчихдаг. Цэцийн шийдвэрээс эхлээд авчихсан байх. Бусад улс орны шийдвэрт нөлөөлөх гэхээс илүү ардчилсан парламентын стандартад нийцсэн үү, хүний эрх, эрх чөлөөг хангах олон улсын гэрээ конвенцид нийцсэн үү гэдгийг авч үзэж байгаа байх.
Ганцхан Монгол ч бус олон улс оронд парламентын гишүүдийн эрх ашиг зөрчигддөг учраас эдгээр хүмүүс ОУПХ-ндоо ханддаг юм билээ. Хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-ын Дэд дарга нь өөрөө төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэдэг нь өөрөө анхаарал татах асуудал болсон учраас тэд холбогдох бүх мэдээллийг аваад энэ кейс дээр ажиллаж байгаа юм билээ. Ажлын хэсэг ирж ажиллаж магадгүй. Тэр тусмаа Монголын парламентын ардчилал аюулд орж байгаа, гишүүдийн эрх нь зөрчигдөж байгаа асуудал хийгээд УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах өргөн баригдсан хуулийн асуудлыг онцгой анхаарч байгаа учраас ажлын хэсэг ажиллаж магадгүй юм билээ. Дан ганц миний бус бусад намын гишүүдийн кейсүүд ч очсон юм билээ” хэмээжээ.
