Өвдөлтгүй өвчин гэж хаана ч байхгүй. Гагцхүү тэр өвдөлт хэр хүчтэй, хаана, хэрхэн ямар байдлаар өвдөлт өгч байна вэ гэдгээс шалтгаалаад эмчлэх арга барил, тавих онош нь өөр, өөр. Түүн шиг төр засгийн гаргаж буй шийдвэр бүхэн ард түмэнд таалагдана гэж байхгүй. Нэг хэсгийнх нь эрх ашгийг хангаж буй улс төрийн шийдвэр нөгөө хэсгийнх нь эрх ашигт нийцэхгүй байх нь олонтай. Төр харин иргэндээ ирж буй тэрхүү “өвдөлт”-ийг зөв цагтаа оношилж, хүндрүүлэхгүйгээр эмчилгээг нь зөв олж чадаж байвал сая л бүрэн илаарших давуу талтай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлыг аваад удаагүй байгаа Ерөнхий сайд Н.Учрал ойрын үед олон л бал бурам шиг шийдвэрийг ард түмнийхээ талд гаргалаа. Төрийн албаны хүнд суртлыг халлаа. Амралтын өдрийг гэр бүлд үлдээлээ. Дансаа хаалгасан олон мянган аж ахуйн нэгжийн дансыг нээж, орлого, зарлага гарч орох боломжийг нээлээ. Зөвшөөрөл нэртэй хүнд суртлыг халж, 146 бизнесийг зөвхөн гар утсаараа мэдэгдээд л нээж болох боломжийг нээж өгөв. Нэмээд эмч нарын цалинг хоёр өөр системээр бодож байсан алдааг залруулсан гээд тоочоод байвал олон сайхан мэдээг ажлаа авсан даруйдаа ард түмэндээ дуулгав.
Угтаа Ерөнхий сайд Н.Учрал оношоо зөв тавьж чадсанаар хүндэрсэн хийгээд эцсийн шатандаа орж байсан олон “өвчин”-ийг эмчлэх аргаа олчихож гэсэн үг. Харин тэр дунд хамгийн их өвдөлт өгсөн нэг өвчин байгаа нь эрчим хүчний салбарын доголдол. Энэ өвчнийг эмчлэхийн тулд системийн хэмжээнд асуудлыг харж, онош тавих шаардлагатай болно. “Та нар өөрсдөө аргал, өвдөлтийн шокоо эмчилчих” гээд гэдийгээд байвал улам хүндэрч, өвчтөн эцэстээ амиа алдах ч эрсдэлтэй. Тэгэхээр эмч хүссэн ч эс хүссэн ч шийдвэр гаргана, эмчилгээг хийж байж л өвчтөний амь насыг аварна.
Тиймээс л сэхээнд орчихсон эрчим хүчний салбарыг хөл дээр нь босгохын тулд хүссэн ч эс хүссэн ч дэлхий дахины жишигт нийцүүлж үнэ нэмэхээс өөр арга үлдээгүй нь бодит үнэн. Ингэж байж л дараа, дараагийн эрчим хүчний нэмэлт эх үүсвэр барих санхүүгийн боломж бүрдэнэ. 40, 50 жилийн настай станцуудаа шинэчлэх эх үүсвэр босгоно. Төр хэдийгээр ард түмний эрх ашигт нийцүүлж шийдвэр гаргах ёстой ч төр мөнгөтэй, бид "эмчилчихнэ" ээ гэж хий хоосон саагиад байх боломж үгүй. Тиймээс иргэн, төр хоёр адилхан ачаалал үүрч байж л эрчим хүчний хараат байдлаас гарч, нэг зуух нь зогсчихвол маргааш нь хотоороо тэг зогсож, хөлдөх эрсдэлээс гарах билээ.
Гэтэл өнгөрөгч баасан гарагт Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”-ад ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах үеэр “Эрчим хүчний үнийг үе шаттай, иргэдэд дарамт багатайгаар шинэчил” гэсэн үүрэг өгсөн нь олон хүний эгдүүцэл, дургүйцлийг төрүүлэх нь тэр. Ард түмнийг энд буруутгах аргагүй. Өмнө нь Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн, Шадар сайд асан Т.Доржханд нар “Үнээ нэмэхгүй л бол үлдсэн хугацаанд тог тасална. Аргалах арга чарга үлдээгүй” гэх мэтээр пиардсаар цахилгааны үнийг нэмсэн нь үнэн. Энэхүү нэмэгдлээс орж ирсэн мөнгөөр салбараа өөрчилж чадаагүй нь бас үнэн. Бахь байдгаараа л зуух нь дэлбэрч, зутарсан монголчууд цугаараа харанхуй хотод алхаж, амьдарч, лааны гэрэлд хичээлээ хийсээр өвлийг давлаа.
Шинэчлэл, өөрчлөлтөд зарцуулна гэсэн мөнгийг хоёр сайд нь дундаа хийж хэрэлдсээр ямар ч үр ашиггүй болгоод өнгөрөөчихсөн учраас “үнэ нэмнэ” гэх үг иргэнд дарамт, доромжлол болж сонсогдох нь аргагүй билээ. Нэг жилийн хугацаанд нэмэгдсэн тэрхүү нэмэгдлээр эрчим хүчний салбарт ор тас юу ч хийгээгүй гэвэл өрөөсгөл. Эрчим хүчний салбар өөрөө нэгхэн жилд үнэ нэмчихээр сэвхийтэл босоод ирэх боломжгүй болтлоо доройтсон. Өмнө хэлсэнчлэн, үе шаттай бүр системийн хэмжээнд оношоо зөв тавьж байж л сэхээнээс гаргана. Гэтэл нэг жилийн хугацаанд үнэ нэмж, тэндээс 300 тэрбумыг олж ажилчдынхаа асуудал, дотоод системийн шинэчлэл, зарим урсгал засвар зэргээ шийдээд явж байтал нэг өглөө сайд, дарга нь босож ирээд л “Үнийн нэмэгдлийг хойшлууллаа. Иргэдээ хамгаалж байна гэх” поп шийдвэр гаргаад бүгдийг зогсоочихсон.
Дахиад л нөгөөх тэрбум, тэрбумын алдагдал энэ салбарт нүүрлэж эхлэх нь тэр. Тухайлбал, Ерөнхий сайдын ажилласан “Дулааны дөрөвдүгээр цахилгаан” станц гэхэд л 2025 онд цахилгаан эрчим хүчээс 151 тэрбумын ашиг олсон ч дулаанаас 183 тэрбумын алдагдал хүлээжээ. Зөрүү нь 30 гаруй тэрбум. Тарифын өөрчлөлт хийхгүй энэ хэвээр цаашаа явбал ирэх онд гэхэд 118 тэрбумын алдагдалд орно гэдгийг хэлж байна. Өнөөдрийн байдлаар тус байгууллага 260 тэрбумын зээлтэй. Энэ бол ганцхан байгууллагын бодит тоон жишээ. Эрчим хүчний салбарын дамжуулах, түгээх олон байгууллага яг ийм асуудалтай байгаа.
Тэгэхээр “Нэг жилийн турш нэмчихээр өргөс авсан мэт асуудлаа арилгачих байсан. Та нар үнэ нэмээд юу хийсэн юм” хэмээн муйхраар дайрч боломгүй байгаа юм. Хүссэн ч эс хүссэн ч үнэ нэмэгдэхээс өөр ямар ч арга, ид шид энд байхгүй. Лам залж ном уншуулж, бөө удган дуудаж аргалаад ч бодит үнэнийг баллуурдаж чадахгүй нь үнэн. “Ард түмэн өвдөлт мэдэрч байна. Энэ удаа аргалчихъя” гэж нэг дарга гарч ирээд л попордог, нийтэд таалагдахын тулд нэг хэсгийн эрх ашгийг хойш тавьсаар байвал нэг өвөл ч бус нэлээд олон өвлөөр харанхуйд суух вий дээ.
Мянган Доржхандыг Найдалаагаар өөрчилж, зуу, зуун Учралыг солиод ч эрчим хүчний салбар сэхээнээс өөрсдийн одоо байгаа боломж нөөцөөр гарч чадахгүй учраас дарамт багатайгаар өөрчил, төрийн нөөц боломжоо тултал шавхаад хамтдаа хүндрэлээс гарцгаая гэсэн элдэв поп амлалтгүйгээр бодит үнэнийг хэлсэн Ерөнхий сайдын үгтэй санал нэгдэхээс өөр арга алга. Бусад олон улсын байгууллагын санхүүжилтийг татах, урсгал засвараа яаралтай эхлүүлэх, дулаан алдагдлаа оношлох, эрчим хүчний бодит хэмнэлтийг хийхийг иргэндээ уриалах, соён гэгээрүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэглээнд үндэслэн шинэ эх үүсвэрээ яаралтай барих гэх мэтээр хамтдаа л хүндрэлийг даван туулна. Өвдөлт заримдаа хүчтэй ч өөрсдөө хичээвэл ямар ч өвчнийг даван гардагтай адилхан эрчим хүчний үнэ нэмэх нь уур хүргэж, уушги сагсайлгамаар санагдах ч алсдаа харанхуйд суухгүйн тулд өнөөдөр бодит үнэнтэйгээ нүүр тулахаас өөр яалтай.
