ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

331 иргэнд бөөр, 362 иргэнд элэг шилжүүлэн суулгажээ

O.Admin
2 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.04.23/ -ийн үдээс өмнөх хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улс 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийн, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2023 оны жилийн эцсийн байдлаар 331 иргэнд бөөр, 362 иргэнд элэг шилжүүлэн суулгажээ. Мөн 29 иргэнд ясны чөмгийн үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 150 гаруй иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг тус тус амжилттай хийснээр иргэдийн амьдралын чанар сайжирч, үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдөл нь бодит биелэл болсоор байна.

Нэг амьгүй донор найман хүнд амьдрал бэлэглэдэг гэдгийг ажлын хэсгийнхэн онцлоод өнөөдрийн байдлаар 1044 иргэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хүлээлтэд байгаа гэлээ. Хуулийн төсөл батлагдсанаар, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадагшаа урсах мөнгөний урсгал буурах, амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт сайжрах, нэгдсэн тогтолцоо бий болох зэрэг ач холбогдолтой ажээ.

Үргэлжлүүлэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 56,8 мянган аж ахуйн нэгжийн 39,3 мянга нь 2021 оны байдлаар зөвхөн нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа судалгаа бий. Олон улсын жишиг тогтсон, зохион байгуулалт, бүтэц бүхий танхимын үйл ажиллагаа улсын хэмжээнд хэрэгжиж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг онцлогтойг харгалзан эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг танхим, мөн аймаг, нийслэлийн танхим байгуулахаар төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагчид хэлж байлаа.