ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Батбаатар: С.Батбаатар надаас удаа дараа газрын даргын албан тушаал нэхсэн

O.Admin
8 цагийн өмнө

Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар нь ёсзүйн зөрчил удаа дараа гаргаж, улмаар сайдын албан тушаалаа ашиглан хоёр тэрбум гаруй төгрөгөөр гадаад улсад томилолтоор ажилласан зэргээр намын нэр хүнд удаа дараа гутааж байгаа учраас түүнийг намын даргын албан тушаалаас нь огцруулж, ИЗНН-ын даргаар Р.Батболдыг томилсон гэх мэдээллийг өчигдөр ИЗНН-ын нэр бүхий гишүүдээс өгсөн билээ.

Тэгвэл энэ асуудлаар ИЗНН-ын дарга Б.Батбаатар албан ёсоор мэдээлэл өгөв. Тэрбээр, “ИЗНН нь албан ёсны нэг дарга, нэг тамгатай хэвээр байгаа. С.Батбаатар гэдэг дарга манайд байхгүй ээ. Төрийн ордонд болсон албан ёсны хурлаараа бид дарга, цэргээ томилчихсон.

ИЗНН-ын Дэд дарга С.Батбаатар гэгч этгээд удаа дараа надаас яамны Хүрээлэн буй орчны газрын даргын албан тушаал нэхсэн. Гэтэл тэр албанд мерит зарчмаар буюу мэргэжлийн томилгоо хийгдэх ёстой. Газрын дарга болж яах гэж байгааг асуухаар уул уурхайн хэдэн компаниудыг шалгах нэрийдлээр шантаажилж мөнгөтэй болцгооё гэдэг.

Манай нам хууль бус зүйлтэй эвлэрэхгүй. Тэр хүн өөрийгөө хуульч гэдэг ч хуульчдын холбоонд тийм хүний бүртгэл байдаггүй юм билээ. Надад бичсэн мессеж, ярьсан яриа нь хүртэл бий. Энэ хүн олон жил биднийг дарамталж байгаа. Надтай ч бус намын нөхөдтэйгөө уулзахдаа бичлэг хийдэг, түүнийгээ дараа нь цацна гэж сүрдүүлдэг гэдгийг олон хүн хэлнэ. Би Хил хамгаалах ерөнхий газар руу албан тоот явуулсан. Намайг хэдэн удаа хилээр гарсныг тодорхой болгож өгөөч гэж. 52 хоног гадаадад явж, хоёр тэрбум төгрөг үрэх ямар ч боломжгүй. Төрийн хуулиараа тэр санхүү мөнгө шийдэгдээд хэн хаашаа явахыг шийдэх болохоос сайдын мэдлээр болдог зүйл биш. Намын хурал гэх хүчингүй зүйлээр нэгнээ хөөдөг зүйл байхгүй. Намын дүрэм, журмаар шийддэг асуудал" гэлээ.