Монгол орны ховор амьтан болох Хүрэн баавгай /Ursus arctos/-г хууль бусаар агнасан иргэний үйлдэлд шүүхээс 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас 2025 оны 06 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газарт хяналт шалгалтыг зохион байгуулахад иргэн Б.О нь ховор амьтны жагсаалтад багтсан “Хүрэн баавгай” агнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.Тус үйлдлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн.
Тодруулбал иргэн Б.О- ийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны /эрүүгийн/ шүүхээс гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Хүрэн баавгай /Ursus arctos/ нь 12 сая 450 мянган төгрөгөөр үнэлсэн ба холбогдох хуулийн дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлэн хохирлыг нөхөн төлүүлсэн.
Иймд иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
