ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Ардчиллын гэрэгэ"-г анхдагчдад гардуулав

O.Admin
15 цагийн өмнө

1989 онд Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхны дөрвөн холбооноос гурав нь 1990 оны цагаан морин жил ардчиллын төлөөх намууд болж үүсгэн байгуулагдсан. Энэ нь өнөөгийн Ардчилсан Намын үүсгэл болсон. Өдгөө 2026 онд гал морин жилийн босгон дээр өрнөж буй “Нээлттэй, цэгцтэй – Ардчилсан Нам” үндэсний аяны хүрээнд МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн /АСХ/, Шинэ дэвшилтэт холбоо /ШТХ/-нд харьяалагдаж байсан Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээг Ардчилсан намаас цувралаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд МоАХ-тай хамтран Ардчилсан Намын гишүүддээ “Ардчиллын гэрэгэ”-г гардуулах ёслолын өнөөдрийн /2026.02.13/ арга хэмжээнд Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл оролцлоо.

Тэрээр “Ардчилсан Нам гурван өдөрт мартагдах зүйлийн төлөө бус гурван жилд үр дүн нь мэдэгдэх эрс шинэчлэлийн төлөө, 30 жилдээ сайшаагдах Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө зорих ёстой.

Тиймээс бид нээлттэй, цэгцтэй нам болох үзэл санааны өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ. “Ардчиллын гэрэгэ” бол Ардчилсан Нам үзэл санаагаа тодотгох, ардчилсан үзэл санааг дэмжигчдийг гэр бүлдээ нэгтгэх том үйл хэргийн эхлэл юм. Намын даргын хувьд би Ардчилсан Нам шинэчилсэн дүрмээ дагаж мөрддөг тогтолцоог бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана” хэмээв.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Батцогт, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нар оролцов.