ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэгнээ дээрэлхэж бичлэгээ цацсан хэрэгт найман хүүхдийг шалгаж байна

O.Admin
8 цагийн өмнө

Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатны хонгилд дээрэлхэж, зодож, элдвээр доромжилж түүнийгээ сошиал орчинд байрлуулсан ноцтой хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хэрэг Шангриллагийн шатны хонгилд болсон учраас хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж буй бөгөөд энэхүү дээрэлхэлт нь “Найз залуугийн маань өмнүүр алхсан. Чат бичсэн” гэх шалтгаанаас үүдэлтэй байсан гэх.

Тэгвэл хэргийг шалгаж буй талаар ЦЕГ-аас мэдээлэхдээ “Цагдаагийн байгууллагаас цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа асуудлыг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ...-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, улмаар бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Хэрэгт хэд хэдэн сургуулийн сурагчид холбоотой нь тогтоодсон. Хан-Уул дүүргийн сургуулиас ч байгаа. Нийтдээ найман хүүхдийг холбогдуулан шалгаж байна. Үг хэлээр тохуурхан доромжилж, бие махбодид нь гэм хор учруулж байгаа үйлдлүүд шалгалтын явцад тогтоогдсон. Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зүйл тогтоогдоогүй” гэлээ.

Тэгвэл хэрэгт холбогдсон гэх сургуулийн нийгмийн ажилтан харин “Хэргийг шалгаж дууссаны дараа мэдээлэл өгнө. Хохирогч хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч байгаа” гэсэн бол нэрээ нууцалсан сурагч хүү хэлэхдээ “Шангриллагийн дөрвөн давхарт байрлах хоолны газрын сандал дээр дандаа тэр хүүхдүүд байдаг. Тэгээд шатны хэсэг рүү орж ийм бичлэгүүд хийдэг. Өмнө нь ч гэсэн ийм бичлэгүүд цацагдаж байсан. Сошиал орчинд байршуулж байгаа нь хэн ч биш болгож байгаа үйлдэл юм. Тэр дөрвөн давхарт цугладаг бүх хүүхдүүд ямар нэг байдлаар ийм дээрэлхэлт хийдэг” хэмээн ярьжээ.