ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хайртай үрсээ сурроноор битгий эрхлүүлээрэй

O.Admin
7 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх учиртай НИТХ бол иргэдийн хийгээд хотод ямар асуудал тулгамдаж байгааг шийдэж, хүлээлтэд нийцсэн шийдвэр гаргах учиртай гүүр болсон байгууллага.

Тэр ч утгаараа ээлжит хуралдаан бүрээрээ хотод хийгдэх ажлаа төлөвлөж, ямар бүтээн байгуулалтад хэдэн төгрөг зарцуулах юм, нийслэлийн иргэдээ амар тайван аюулгүй байлгахын тулд хаана ямар шийдэл, шийдвэр гаргах вэ гэдгээ ярилцаж, өдөр тутамдаа идэвхтэй ажиллах ёстой болдог.

Тэгвэл НИТХ-ын дарга А.Баяр энэ ажлыг авснаасаа хойш тун чамбай, нягт няхуур ажиллаж нийслэлийн иргэдийн өмнө тулгарч буй жижигхэн асуудлыг ч олж харан шийдэж буйд нь талархууштай санагдав. Тэрбээр, энэ албан тушаалд очоод хоёр жилийн хугацаа өнгөрч буй ч энэ хооронд олон ч зөв шийдэл гаргаж, нийгмээ өөрчилье хэмээн уриалж байгаа.

Тухайлбал, саяхан тохиосон сар шинийн баярын үеэр нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал болдог зогсоолын асуудлаар уриалга гаргаж нийслэлийн харьяаны байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийг хашаагаа нээж иргэдэд үйлчлэхийг уриалсан нь хамгийн зөв санаачилга болж, иргэдийн талархлыг хүлээсэн билээ.

Тэгвэл энэ удаа А.Баяр дарга мопед, скүүтэрийн хэрэглээг зөв болгох үүднээс насанд хүрээгүй иргэн түрээслэх боломжгүй болгохоос гадна хэрвээ унаж яваад цагдаа зогсоовол тодорхой хэмжээний торгууль ногдуулах шийдэл ярьж байна. Үүнээс гадна эцэг эхчүүдэд хандан хүүхдэдээ мопед, скүүтэр, суррон авч өгөхгүй байхыг уриалав.

Тэрбээр хэлэхдээ “Яг үнэнийг хэлэхэд эцэг эхчүүд хүүхдэдээ суррон авч өгөхөө больчихвол. Насанд хүрээгүй хүн унахгүй байвал болчихож байгаа юм. Эцэг эх, асран хамгаалагч нар өөрсдөө хүүхдээ эрхлүүлж авч өгөөд байгаа. Дараа нь хүүхэд нь гэмтсэний дараа л би юу хийчих нь энэ вэ гэж халагладаг. Тэгэхээр насанд хүрээгүй хүүхдэд суррон авч өгч эрхлүүлээд яах вэ. Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орсон.

18 нас хүрсэн, каск зүүсэн, баруун зүүн гартаа дохио өгдөг, хойд урдаа гэрэлтэй бүрэн тоноглогдсон техникийг бид замын хөдөлгөөнд оролцуулна. Оролцохдоо замын хөдөлгөөний баруун талаар оролцоно. Машин сүлжиж замын хөдөлгөөнд орохгүй гэсэн үг. Ирэх жилээс бүр зөвхөн сурронтой хүүхдүүдийг хянах суррон хариуцсан цагдаа нарыг томилно. Тэгэхгүйгээр энэ төрлийн гэмт хэргийг зогсоох боломжгүй юм билээ” хэмээлээ.

Үүнээс гадна скүүтэр, мопедыг явган хүний замаар явахыг хориглох, дугуйн замаар явуулах зэрэг шийдлүүдийг ч мөн ярьж буй бөгөөд Тээврийн цагдаагийн албанд тусгайлсан энэ асуудлыг хариуцсан цагдаагийн албан хаагч ажиллана гэдэг бол маш зөв цаг үеэ олсон шийдвэр болох нь ээ. Бид төрийн төмөр нүүрээ зарим цагтаа харуулж энэ мэтээр хүүхдээ, явган зорчигчоо, замын хөдөлгөөнд мөрөөрөө оролцоод явж байгаа жолооч нараа хамгаалахгүй бол нэг нь гэмтэж, нөгөө нь хуулийн хариуцлага хүлээдэг, мөрөөрөө явган хүний замаар зорчиж байгаад мопед, скүүтэрт мөргүүлж гэмтэж, бэртдэг тохиолдол энэ жилийн хавраас дахиад л толгойн өвчин болох нь тодорхой.

Өнгөрсөн 2025 онд гэхэд л Гэмтэл согог судлалын үндэсний төвд суррон ангиллын тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн осолд орсон 2820 хэрэг бүртгэгдсэнээс 1953 нь эрэгтэй, 867 нь эмэгтэй байсан бөгөөд амиа алдсан таван тохиолдол бүртгэгджээ. Тэгэхээр сурроны замбараагүй хэрэглээг цэгцэлье, тухайлсан цагдаагийн албан хаагч ажиллуулъя гэдэг НИТХ-ын даргын санаачилга туйлын зөв юм. Эцэг эхчүүд ч үүнийг дэмжиж, үр хүүхдээ болзошгүй осол гэмтлээс сэргийлэх шаардлагатай байна.

“...Хайртай, хайртай гэлээ ч хайчаар тоглуулаагүй аав минь

Зөнгөөр, зөнгөөр өсгөлөө ч зүүгээр эрхлүүлээгүй ээж минь...” гэдэгчлэн эрхэм уншигч та ч үр хүүхдэдээ хайртай л бол хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулж мэдэх эрсдэлтэй бүхнээс хамгаалж, нийтийн тээвэр, сургуулийн автобус, хувийн унаа тэргээрээ бяцхан үрсээ сургуульд нь хүргэж өгөхийг манай сонин ч мөн уриалж байна.

Хайртай үрсээ сурроноор битгий эрхлүүлээрэй. Таны хүүхдийг та л хамгаална. Өдөлж яваа үрсээ өөр зүйлээр эрхлүүлж болно гэдгийг ухамсарлаж, хотын удирдлагуудын уриалгыг хоёр гараа өргөөд дэмжинэ гэдэгт итгэе. Мөн мопед, скүүтэртэй зорчиж яваад гэмтсэн, эсвэл дайруулж гэмтсэн тохиолдол 2025 оны эхний долоон сард гэхэд л 100 гаруй бүртгэгдсэн бол оны төгсгөлд бараг 200 зөрчил бүртгэгдэж байсны дотор 10-12 насны хүүхэд осол хийсэн тохиолдол цөөнгүй байсныг албаны хүн онцолж байв.

Тэгэхээр явган зорчигчоо хамгаалах бодлогоо ч хот цаг алдахгүй эхлүүлэх, тухайлсан газарт зогсоохоос гадна явган зорчигчийн замаар явуулахгүй байх, явсан тохиолдолд өндөр торгууль ногдуулах, насанд хүрээгүй хүн түрээслэх боломжийг хязгаарлахаас гадна хяналтаа чангатгах зэрэг ажлуудаа хаврын цас хайлж урин цаг наашилж буй цаг үетэй уралдан яаралтай шийдэж дуусгаасай.