Эрчим хүчний яамны удирдлагууд тус салбарт зарласан 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан, хувийн компаниудад давуу эрх олгосон байж болзошгүй гэх мэдээллийг АТГ-аас өгсөн билээ. Энэ талаар ЭХ-ний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Эрчим хүчний удирдлагууд 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээллийг АТГ-аас өгсөн юм. Энэ мэдээллийг та сонссон уу, үнэн болов уу?
-АТГ-ын мэдээлэлд яаманд гэж хэлээгүй байна лээ. Харин эрчим хүчний салбарын гэж АТГ-аас мэдээлсэн байсан. Би АТГ руу өчигдөр /өнөөдөр/ бичиг явуулсан. Хэрвээ миний нэрийг дурдсан байвал тэр хүмүүстэй хариуцлага ярина. Би АТГ-ын сайтад гарсан мэдээллийг харсан. Тэнд миний нэр байгаагүй.
-АТГ-аас танай яаманд шалгалт хийгээд ийм зөрчил илэрсэн юм биш үү. Олон нийтийн зүгээс ч ингэж ойлгож байгаа?
-АТГ-аас өнгөрсөн оны эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбоотой 130 гаруй компанийн мэдээллийг надад ирүүлсэн. Би эдгээр компаниуд дотроос ажил авсан байна гэж ойлгосон.
-Та тэр хүмүүст хариуцлага тооцоох уу?
-Би хоёр ч захиралд цаашид ажиллахгүй байх мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнийгээ Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. Энэ асуудлыг одоо хэр нь шийдэхгүй байна. Удирдах ажилтны зөвлөгөөнд энэ салбараас цалин авчихаад бизнес хийж болохгүй гэж хэлсэн. Эрчим хүчний салбарт ажилладаг хэрнээ гэрийн бүлийнхээ хүний нэр дээр компани байгуулчихаад өөр газраас ажил авсан байх тохиолдол гарч болзошгүй.
-Таны зүгээс энэ тендертэй ямар ч холбоогүй гэсэн үг үү?
Янз бүрийн байдлаар ашиглаж, зориудаар надтай холбох гэж үзэж байна. Миний ах дүүгээс хэн нэгэн нь ийм ажил авсан байх юм бол би шууд маргааш нь өргөдлөө өгнө. Үүнийг АТГ-аас очоод лавла, асуу. Надтай холбоотой юу ч гарч ирэхгүй.
-Тендерт шалгарсан компаниудыг ашиг сонирхолтой эсэхийг нь шалгаж болдоггүй юм уу. АТГ-аас үүнд хяналт тавих ёстой биз дээ?
-Үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж тайлбарлахад төвөгтэй байж магадгүй. Тухайн хүн өөрийнхөө байгууллагаас тендерт шалгараад, ажил авчихсан бол асуудал бий. Ийм тохиолдол илэрсэн нэг захирал бий. Би ажлаас халах мэдэгдлээ Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. Одоо хэр нь шийдвэр гараагүй байна. Тэр хүн одоо хэр нь ажлаа хийгээд байж л байна.
-ТӨХ-ноос шийдвэрээ яагаад өгөхгүй байгаа юм бэ?
-ТӨХ ЭХЯ-ны харьяанд байгаа компаниудын захирлыг гэрээ байгуул гэж томилдог субъект. Харин би ТӨХ-нд саналаа л хүргүүлдэг. Энэ захиралтай хамтарч ажиллахгүй гэж мэдэгдэл хүргэж байхад одоо хэр нь шийдэж өгөхгүй байна. Яам болон удирдлагуудад ийм зүйл байхгүй. Харин би тэр 130 гаруй компаниас байж магадгүй гэж харж байна. Гэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгээд, тендер авчихсан байж магадгүй нэг хүн бий. Ажлаас нь чөлөөлөх мэдэгдлээ ТӨХ-нд хүргүүлсэн.
-Хоёр захирлыг халах мэдэгдэл гаргасан гэсэн. Үндэслэл юу вэ?
-Өөрийнхөө байгууллагын бараа үйлчилгээнээс авсан байж болзошгүй учир нэг захирлыг ажлаас чөлөөлөх саналаа хүргүүлсэн. Үүнийг АТГ ч мэдэж байгаа. Нөгөө захирлыг нь 50 гаруй тендерийг хууль зөрчиж, хийсэн учраас чөлөөлөх саналаа мөн л хүргүүлсэн юм.