ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: ТҮЦ машиныг хална

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-04

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-аас Улсын бүртгэлийн хууль батлагдсан. Тус хууль холбогдуулан ТҮЦ машиныг хална гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн?

-Төр өөртөө байдаг мэдээллээ авахаа больж байна гэсэн үг. Тухайлбал, төрсний гэрчилгээний хуулбар, хорооны тодорхойлолт зэрэг олон материал авдаг байсан.  ТҮЦ машинаас авдаг мэдээллээ төр нэхэхээ больсон. Төр нэгдсэн мэдээллийн системтэй болж байгаа. Үе шаттайгаар ТҮЦ машиныг халаад явна. 

-Дэгийн тухай хууль тийм ч сайн хууль болж чадаагүй. Хуралдаа суудаггүй, ирдэггүй УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох юм бэ?

-УИХ-ын Тамгын газраас сүүлийн гурван парламентад хурлаа тасалсан 10 гишүүний нэрийг зарлахаар судалж байна. УИХ-ын Дэгийн тухай хууль хэрэгжээд хурлаа тасалж байгаа мэдээллийг ил болгоно. 

-Ээлжит бус чуулган зарлах уу. Хаврын чуулганаар хэлэлцээгүй үлдсэн чухал, чухал хуулийн төсөл зөндөө байгаа шүү дээ?

-Энэ нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой. 

-“60 тэрбум”-ын асуудлаар байнгын хороо хуралдах уу. Нээлттэй сонсгол хийх боломжтой юу?

-Ажлын хэсгүүд хуралдана. Нээлттэй сонсгол хийх эсэхээ Хууль зүйн байнгын хороо удахгүй шийдэх байх.