Нийслэлийн Ардчилсан намаас Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ өнөөдөр албан ёсоор танилцууллаа. Энэ удаагийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ намууд нэгдэн орж байгаа билээ. Энэ үеэр улс төрийн намуудын дарга нарын хэлсэн үгнээс тоймлон хүргэе.
Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа:
-Ардчилсан Монголын чөлөөт иргэд ээ. Нийслэл хотын иргэд сонгогчид оо. 2020 НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам нийт ардчилсан хүчнийг манлайлан орж байна. Бид гишүүдийнхээ оролцоотойгоор нийт нэр дэвшигчдээ тодрууллаа. Нэр дэвшигчид маань залуу, эрч хүчтэй, шинэ бөгөөд хамгийн чухал нь хотоо гэсэн чин сэтгэлтэй. Бид намаа бүрэн шинэчлэх их ажлын эхлэл болгож, энэ сонгуульд шинэ хандлага, шинэ шийдэл санаагаар дүүрэн өрсөлдөхөөс гадна ардчиллын төлөөх намуудын нэгдлийг бий болголоо. Бид эв санааны нэгдэлтэй, хийж бүтээх хүсэл дүүрэн сонгуульд орж байна. Бидэнд нийслэлд ихийг хийж бүтээсэн үр дүн туршлага бий. Ардчилал хумигдаж нэг намын дарангуйлал, нэг ойворгон этгээдийн хүрээлэл засаглалыг бүхэлд нь эзэлж, Үндсэн хуулийн эсрэг чөлөөт зах зээлийг хумих, дарангуйлал тогтоох хүслээ зарлаж, хувийн хэвшлийг дарамтлан, улсын өр тамтагтаа тулж, эх орон уруудах доройтох руу орж байна.
Энэ цаг үед нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан эрс шийдэмгий алхам хийхээр шийдлээ. Бидэнд төлөвлөгөө бий. Орчин үеийн шийдлүүд ч бий. XXI зууны хот Улаанбаатар шиг байж болохгүй. Дүүжин замаар жуулчид зорчихоос бус нийтийн тээврийг шийдэхгүй. Түгжрэлийг 97 тэрбумаар өөрсөддөө тансаг ордон барьж шийддэггүй. Эдийн засгийг жилийн 3,8 их наяд төгрөгийн алдагдлаар өсгөдөггүй.
Үүгээр гэр хорооллын 100 мянган өрх орон сууцтай болох мөнгийг хулгайлж буй хэрэг. Энэ бол өр. Эрх баригчид өөрсдийн тансаг сууц бүхий Зайсан зэрэг газар руу хоёр их наяд төгрөгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх хирнээ гэр хороололд хөрөнгө оруулалт хийсэн төдийхөн дөрвөн жилийг өнгөрөөлөө. Үүнийг өөрчлөх ёстой. Өрөөр айлгах дуртай МАН сүүлийн дөрвөн жилд өмнө тавьсан өрнүүдээсээ давах хэмжээний шинэ гадаад өрийг тавилаа. МАН засагласан цагаас хойш жил бүр улсын төсөв хоёр их наяд давсан алдагдалтай явсаар нийтдээ 12 их наядын өрийг ард түмний нуруун дээр авчирлаа.
Татвар нэмэхгүй гэж тангараг өргөж байсан нам ард түмний нуруунд есөн төрлийн шинэ татвар овоолчихоод сууж байна. Ардчилсан нам баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжиж, төрийн дарамт, хүнд суртлаас чөлөөлж, ажлын байр бий болгосон хүмүүсийг манай нийгмийн баатрууд хэмээн дээдлэн үзэх болно. Хамгийн сайн зүйл бол ажлын байр. Тэгш бус байдал, орлогын ялгааг арилгах цор ганц зам нь ажлын байр бий болгох гэж бид тунхаглаж байна. Монгол оронд баян ядуугийн ялгаа эрс ихсэж, хугарлын ирмэгт ирсэн энэ хүнд цаг үед бид, боловсролыг тэгш бус байдлыг арилгах шилдэг хэрэгсэл хэмээн үзэх болно.
Гэтэл эрх баригчид асар үнэтэй гадны сургалтыг өөрсдийн үр хүүхдэд зориулан оруулж ирэх, үүнд төсвийн хөрөнгийг зарцуулахыг санаархаж эхэллээ. Үндэсний цөм хөтөлбөр боловсруулах нь боловсролын тэгш бус байдлыг арилгах цор ганц зөв зам гэж бид үзнэ.
Иргэд сонгогчид оо, та бид хийсэн сонголт маань зөв байж уу, өнөөдрийг хүртэл Нийслэл хотод МАН юу хийж бүтээв, иргэдийн амьдралд хэр зэрэг өөрчлөлт дэвшил гаргаж чадав гэдгийг сайтар эргэцүүлж, тунгаах цагт тулж ирлээ. Хөгжилд хүрсэн улсуудын иргэд, сонгогчдын хийдэг ганц зүйл бол зөв сонголт. Өдий хүртэл сонгосон төлөөлөл нь юу хийв, юуг шийдэв, цаашид чадах уу гэсэн асуултыг өөрсөддөө тавьж, өөрсдийнхөө төлөө сонголт хийж чаддаг ард түмэн дэвжин дээшилдэг юм. МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулийг асар их будлиан, эргэлзээн дунд луйвардаж авсан. Тэд луйвраа дахина, санал худалдаж авна гэж бодож байгаа бол үгүй юм. Энэ сонгуулийг бид МАН-ын луйврыг тас цохих, иргэдийн сонгох эрхийг хамгаалах үйлс болгон хувиргах болно. Бид, монголчуудын сайн сайхны төлөө, нийслэлийн хөгжил дэвшлийн төлөө, ирээдүй болсон хүүхэд, залуучуудынхаа төлөө иргэнд ээлтэй Улаанбаатарыг цогцлоон бүтээх болно.
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан:
-Намуудын нэгдэл байгуулагдахад цаг хугацаа нэлээд орсон. Олон талын хүчин зүтгэл ч шаардагдсан. Иргэдийн зүгээс мөн нэгдсэн намуудын гишүүд, дэмжигчдийн шаардлага дээр байгуулагдсан нэгдэл. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг хараад намын гишүүдийн зүгээс ”Улс төрийн намууд нэгдэж ажиллах шаардлагатай, хяналтгүй нэг нам тогтох аюулд хүрэх нь гэдгийг хэлсэн. АН, МАХН, ШИНЭ намын эвсэлд ороогүй ч нэгдэж ажиллахаа илэрхийлсэн олон нам бий. Намууд тус бүрдээ нэр дэвшигчээ тодруулсан бөгөөд намуудын үзэл санааг дэмжиж нэрээ татсан. Тиймээс эдгээр 45 нэр дэвшигч иргэдийнхээ хүсэл санаачлагчаар ажиллахаар нам бүрээсээ шигшигдсэн гишүүд байна.
ШИНЭН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал:
-Хуулийн дагуу ардчиллын төлөөх намууд нэгдэж, нийт 45 нэр дэвшигчээ тодрууллаа. Улс төрийн намууд өөрсдийнхөө шилдэг гэсэн нэр дэвшигч, шилдэг боловсон хүчнийг тодруулах үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд боллоо. Монголчууд “эвлэвэл бүтнэ” гэж ярьдаг. Энэ олон улс төрийн намуудын эвлэрэл нэгдэл Монгол Улсад илүү сайн зүйлийг авчрах байх. Нийт нэр дэвшиж буй 45 хүнийг насны байдлаар нь авч үзвэл, 35 хүртэлх насны зургаа, 35-45 хүртэлх насны 26 нэр дэвшигч, 45-аас дээш насны 13 хүн нэр дэвшиж байна. Квотын хувьд эрэгтэй 34, эмэгтэй 11 нэр дэвшигч байна.
Баянгол дүүрэг:
• Г.Энхболд
• Л.Нарантуяа
• С.Бямбадорж
• Б.Нямсүрэн
• Д.Батбаяр
• Д.Энхтуяа
Баянзүрх дүүрэг:
• М.Тулгат
• Т.Баясах
• Т.Энхбаяр
• Э.Эрдэнэ
• Э.Тамир
• Д.Пүрэвдаваа
• Э.Хатанбаатар
• Ч.Сүрэнцэцэг
• Ц.Баттуяа
• Т.Батцогт
Сонгинохайрхан дүүрэг:
• Б.Оюун-Эрдэнэ
• Д.Басбиш
• Д.Энхсайхан
• Н.Батжаргал
• Р.Ням-Очир
• Г.Батзаяа
Сүхбаатар дүүрэг:
• Д.Бадарсан
• Э.Ганбат
• Б.Эрдэнэсүх
• Х.Болормаа
Чингэлтэй дүүрэг:
• Б.Батхуяг
• С.Очирбат
• Ц.Эрдэнэбилэг
• Б.Билэгт
Хан-Уул дүүрэг:
• Л.Отгонбаатар
• Ё.Цацралтуяа
• Д.Байдраг
• П.Батхишиг
Багануур дүүрэг:
• Ц.Өлзийхишиг
Багахангай дүүрэг:
• Б.Болор-Эрдэнэ
Налайх дүүрэг:
• Д.Алтанхуяг