УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Бүгд Найрамдах Польш Улсад манай улсын хэчнээн иргэн ажиллаж, амьдарч байгаа вэ. Нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдахгүй байгаа хэчнээн иргэн байна вэ. Гаднын улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах мөн нийгмийн хамгааллын асуудлыг нь баталгаажуулах тал дээр санаачилгатай ажиллаж байгаад баяртай байна. Уг хэлэлцээр байгуулагдсанаар Бүгд Найрамдах Польш Улсад мөн эх орондоо ажиллаж байсан хугацаагаар тэтгэвэр тогтоолгох боломж үүснэ гэж ойлголоо. Энэ тухай тодруулж хэлнэ үү. Мөн эрүүл мэндийн даатгалын асуудал нь шийдэгдэх үү. Тухайн улсын нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлд нь манай улсын иргэд хамрагдаж эрх үүсэх үү?
ХНХ-ын сайд С.Чинзориг:
Элчин сайдын яамдтай хамтарч гаргасан судалгаагаар Бүгд Найрамдах Польш Улсад манай улсын 940 иргэн ажиллаж амьдардаг гэсэн судалгаа гарсан. Бүгд Найрамдах Польш Улсад амьдарч байгаа монголын иргэд эрүүл мэндийн даатгалаа төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэлээ Польш улсад төлж байгаа хэдий ч тус улсын хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсдэггүй. Монголдоо нийгмийн даатгал, шимтгэлээ төлөөгүй учраас Монгол Улсаасаа нийгмийн даатгал хүртэх эрх нь мөн хязгаарлагдмал байгаа. Польш улсад ажилласан, жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилд оногдох тэтгэврээ Польш Улсын талаас харин Монгол Улсад ажиллаж нийгмийн даатгал, шимтгэлээ төлсөн жилдээ оногдох тэтгэврээ монголынхоо нийгмийн даатгалын сангаас авах эрх нь үүсэх юм. Мөн тэтгэмжүүд авах эрх бий болно. Одоогоор Унгар, БНСУ-тай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулаад ажиллаж байна. Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа тус хуулийн төслийг гишүүдийн олонхи нь дэмжиж батлав.