УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар өчигдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Ингээд төсвийн талаар хэн юу хэлснийг хүргэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Төсвийн ажлын хэсэгт хоёр жил дараалан орсон ч нэг асуудлыг шийдэж чадсангүй. Жижиг тойргийн асуудал хэцүү байгааг ойлгож байна. Эхлээд том асуудлаа авч үзэхгүй бол болохгүй. Сүүлийн 20 гаруй жил соёлын салбарын хөрөнгө оруулалт орхигдлоо. Өнөөдрийг хүртэл музейн нэгдсэн системгүй ганцхан улс боллоо.
Монголд 5000 хүн суугаад үзэх театр алга. Улсын төсвөө их наядаар нэмдэг байж соёлын салбарыг орхигдуулж байна” хэмээн шүүмжилсэн юм. Харин УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын гишүүд үг хэлэх эрхгүй боллоо. Ардчиллаас маш том ухралт хийлээ. Өмнөх парламентаар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байхад Ц.Нямдорж “Харж байгаарай та нар энэ үйлдлийнхээ горыг амсана даа” гэж байсан. Өнөөдөр бид амсаад сууж байна. Харин дараагийн парламентын үед та нар амсана даа. Би энэ төсвийг Цэцэд өгнө. Энэ хууль зөрчсөн төсөв болсон” гэж бухимдсан юм. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан “Би хөрөнгө оруулалтыг механикаар нэмээд өгөөч гэсэн санал гаргаагүй. Байгаа боломжтой хөрөнгө оруулалтынхаа хүрээнд оновчтой хийгээрэй. Тэгш шударга байдлыг хангаж өгөхийг хүссэн. Үндсэн хуульд аливаа хүнийг ялгаварлан гадуурхах ёсгүй гэж заасан байдаг. Манай тойргийн хөрөнгө оруулалтын хэмжээг Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нарынхтай харьцуулаад үзээрэй. Харьцангуй өөр нөхцөл байдалтай байгаа” гэсэн гомдлыг хэллээ.