Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нөхцөл байдал хүнд байгаа ч аравдугаар сарын захиалга хэвийн хэрэглээний түвшинд хүрчихнэ. Бидний энгийн хэрэглээ 75 мянган тонн байдаг бол аравдугаар сард баталгаажуулсан нь 78 мянган тонн байгаа. Нэмээд 5000 тонны яриа хэлцэл явж байна. Иргэд бухимдалтай байгааг ойлгож байгаа. Байгаа хэмжээндээ нөөцөө зөв хуваарилаад хүргэчих юмсан гэж хичээж байна. Зарим иргэдээс нэг тонн бензин гарч ирж байна. Шаглаж зарж байна гэсэн үг. Хууль хяналтын байгууллагууд шалгаж хянаад явах байх.
Дахин, дахин очерлож бензин аваад түүнийгээ шаглаж зарах асуудал байгаа учраас өдөрт нэг машинд нэг л удаа өгөх байдлаар зохицуулалт хийх санал гарсан. Гэхдээ зөвхөн судалгааны түвшинд явж байгааг ойлгоорой. Хүний зовлонгоор ашиг хийж байгаа нь муухай юм. Торгуультай иргэдэд бензин олгохгүй гэдэг зүйл би хэлээгүй. Саналуудын л нэг. Буруу ойлголт төрүүлсэн бол иргэдээсээ уучлалт гуйя. Түгээлт дээр зогсож байгаа тэр жаахан хүүхдийг загнаад яах вэ. Барьж авч зодчих гээд байх шаардлагагүй л гэдэг санаагаа хэлэхдээ буруу ойлгуулчихсан юм. Амьдралаа залгуулах гээд явж байгаа хэдэн түгээгчээ загнаад яах билээ.
Энэ сард БНСУ-аас 12 мянган тонн шатахуун авна. Цаашдаа тогтмол авах зорилготой байна. Сингапур улсаас импортлох асуудлаар ойрын хугацаанд гэрээ, хэлэлцээ эхлүүлнэ" хэмээн тайлбар хийлээ.