УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.10.05/-ийн ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, бүлгийн гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Бага үнийн дүнтэй иргэний хэргийг хялбар, шуурхай шийдвэрлэх зорилгоор 2025 оны 1 дүгээр сарын 1-ээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг нэвтрүүлсэн. Гэвч практикт тодорхой хүндрэл үүссэн нь хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тогтоогдсон байна. Хүндрэлийг дараах байдлаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.
-Үнийн дүнгийн босгыг тогтмол болгохоор танилцуулав. Тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийн үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 дахин гэж тооцдог. Иймд босгыг 15 сая 840 мянган төгрөг гэж тогтмол тогтоосноор шүүхийн ачаалал дагаж өсөхгүй.
-Хэргийн нэхэмжлэл хүргэх ажиллагааг сайжруулах хүрээнд шүүх цахим хуудастаа нэхэмжлэлийг байршуулахаар хуулийн төсөлд тусгалаа.
-Харьяалал буруу хэргийг хэрэгсэхгүй болгохгүй, өөр шүүхэд шилжүүлж, урьд хийсэн ажиллагааг тооцон, хугацааг шинээр тоолохгүйгээр үргэлжлүүлэн шийдвэрлэнэ.
-Цахим хэлбэрээр зээл олгохдоо зээлдүүлэгч зээлдэгчийн хэн болох, цахим шуудангийн хаягийг баталгаажуулж, баримтын шүүхэд гаргаж өгнө.
Хуулийн төслийг батласнаар тусгайлсан журмын гол зорилго болох богино хугацаанд хэрэг шийдвэрлэх нөхцөл бүрдэж, хэргийн үндэслэлгүй удааширал багасаж, Үндсэн хуульд заасан иргэний шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хамгаална гэв
