“Хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2026-2028 онд тус төлөвлөгөөний зорилго нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, орох урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх, хадгалахад оршино. Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 2028 он гэхэд 5.5 тэрбум ам.долларт хүргэх юм.
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ технологи, мэдлэг, инновацыг нэвтрүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтойг Т.Доржханд онцоллоо.
Ажлын төлөвлөгөөг дараах таван чиглэлээр боловсруулжээ.
1. Хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх,
2. Гадаадын хөрөнгө оруулалт татах тогтолцоог хөгжүүлэх,
3. Институтийн чадавх болон хүний нөөцийг бэхжүүлэх,
4. Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх,
5. Хөрөнгө оруулагчдыг хадгалах (aftercare) тогтолцоог бүрдүүлэх.
Тус төлөвлөлөөг Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран хэрэгжүүлнэ.
Шадар сайд Т.Доржханд хэлэхдээ "Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Монгол Улс 1990-2025 оны 52.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдлээ. 44.5 хувийг Недерланд, 12.6 % нь БНХАУ, 8.2 % нь Сингапур зэрэг улс орнууд эзэлж байна. Уул уурхайн салбар хамгийн өндөр буюу 74.2 хувийг эзэлж байгаа юм. Эндээс харвал хөрөнгө оруулалт төрөлжөөгүй учраас тодорхой төлөвлөгөө гаргаж, цаашдаа таван чиглэлд илүү хөрөнгө оруулалтыг татахаар шийдвэрлэв.
1.Сэргээгдэх эрчим хүч
2.Дата төв, хиймэл оюун ухана
3.Нэмүү өртөг шингэсэн уул уурхай
4.Хөдөө аж ахуй
5.Аялал жуулчлал гэсэн таван салбарт татна.
Хөрөнгө оруулалтын тухай хууль болон дагалдах бусад хуулийн хүрээнд үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчин бүрдсэн. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах "Худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг" үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дотоодод хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна гэсэн үг. Засгийн газартай холбоотой гомдол санал үүсвэл түүнийг 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэл өглөө" хэмээлээ.
