ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхааръя

O.Admin
2 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хан-Уул дүүргийн АПУ компанийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх буюу Чингисийн өргөн чөлөөний гудамж орчимд ажиллаж, аадар борооны дараах нөхцөл байдалтай танилцлаа.

Өчигдөр орсон борооны улмаас тус хэсгийн 600 орчим метр явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсэгт ч гэмтэл үүссэн байна.

Хотын дарга Б.Пүрэвдагва өнгөрсөн жил шинэчлэн засварласан замууд ганц өдрийн бороонд эвдэрч байгаа нь захиалагчийн хяналт сул байгаатай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Иймд баяр наадмын амралтын өдрүүдэд гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг ажиллуулж, эвдэрсэн хэсгүүдийг яаралтай хэвийн байдалд оруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн холбогдох байгууллагуудын төлөвлөлт, ажлын уялдаа хангалтгүй байгаагаас явган болон авто замыг шинэчилсний дараа дахин сэтлэх, ус, дулааны шугам хоолойн засвар хийх зэрэг давхардсан ажил тогтмол гарч байгааг онцлон, энэ асуудлыг цаашид цэгцлэх шаардлагатайг хэлэв.

Түүнчлэн ус зайлуулах шугам, хоолой болон хамгаалалтын далангийн бүсэд газар олголт хийгдсэн нь үерийн эрсдэлийг нэмэгдүүлж буй ноцтой асуудал болсныг дурдсан юм.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас их хэмжээний ус тогтож, эвдрэл үүссэн байршлуудыг нэгтгэн зурагжуулж, усыг соруулах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай зохион байгуулж байгаагаа мэдээллээ. Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөө орчмын явган хүний замыг Үндэсний их баяр наадмын өмнө бүрэн засварлаж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг Хотын дарга үүрэг болголоо.

Мөн тэрбээр цаашид Улаанбаатар хотын газар доорх инженерийн дэд бүтэц, ус зайлуулах системийн төлөвлөлт, зохион байгуулалтад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж, баяр наадмын өдрүүдэд хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн ханган, холбогдох бүх байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстойг санууллаа.