ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Баясгалан: Оюу толгойн удирдлага монголчуудад худал мэдээлэл өгдгөө хэзээ зогсоох вэ

O.Admin
1 цагийн өмнө

"Оюу Толгой"-н ТУЗ-ийн хараат бус гишүүн асан Э.Баясгалан тус компанийн санхүүгийн тайланг олон нийтэд буруу ташаа мэдээлж байгаа талаар ноцтой тайлбар хийжээ. Тэрбээр, "Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С. Мөнхсүх 2026 оны нэгдүгээр улирлын тайлангаа сүр дуулиан болгож, хэвлэл мэдээллийн хурал зохион байгуулж танилцуулсан байна. Гэвч компанийн сайт дээр тавьж, үнэ төлбөртэй мэдээ бэлтгэн mongolianminingjournal.com, ikon.mn, gogo.mn гэх мэт мэдээллийн сайтуудаар тараасан мэдээний 2025 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн биет хэмжээ, тоонууд нь буруу, алдаатай.

"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-д таван жил ажиллах хугацаанд хурлын материал, санхүүгийн мэдээлэл дээр байнга тооцооллын болон логикийн алдаа олж илрүүлдэг байлаа. Харамсалтай нь удирдах багийн хяналтгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдал С. Мөнхсүх захирлын үед ч үргэлжилж буй юм байна, гэхдээ бас нэг их гайхах зүйл ч биш...

Асуудлын гол нь цөөн хэдэн тоо буруу тайлагнасандаа ч бас биш. Үүнд:

1.Энэ тоонууд нь Рио Тинтогийн гадаадад, англи хэл дээр гаргасан тайланд зөв тайлагнасан боловч Монголын хэвлэл мэдээлэлд өгсөн дүнгүүд буруу байгаа нь Монголчуудыг басамжилсан, үл ойшоосон хоёрдмол давхар стандарт (double standard) үйлчилж байгаагийн тод жишээ юм!

2.Ямар нэгэн тайлан, санхүүгийн тооцоололд ганц ширхэг л алдаа бүхий агуулга байхад тэр тайлан тэр чигтээ найдваргүй, итгэл төрүүлэхгүй буюу “ХЭРЭГГҮЙ” болдог.

3.Дараалсан улирлуудын тайлангийн нэг нь алдаатай бол цаг хугацааны хувьд, жилийн өссөн дүнгээр г.м. харьцуулсан тооцоолол хийж, үйл ажиллагааг том зургаар харахад хүндрэлтэй, боломжгүй болдог.

Ер нь Оюу Толгой ХХК буюу Рио Тинтогийн менежмент нь санхүүгийн мэдээллээ (нийт борлуулалт, зардал, ашиг, цэвэр мөнгөн гүйлгээ зэрэг) бүрэн бүтэн, ил тод, нээлттэй тайлагнадаггүй хэр нь, амнаас нь алт унах мэт цөөхөн хэдэн баяжмалын биет тоонууд тайлагнахдаа үнэн зөв, алдаа мадаггүй гаргаж чадахгүй бол тэгээд танай улирлын тайлангаар Монголчууд бид яах вэ дээ.

С. Мөнхсүх захирал болон Оюу Толгой ХХК-ийн удирдлагын баг залруулга хийж цаашид анхааран ажиллавал сайн сан.

Жич: уг нь 5 өдрийн өмнө гарсан мэдээ юм байна. Энэ хугацаанд санхүү, олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл зэрэг багийн удирдлагаас хэн нь ч хийсэн ажлаа хянадаггүй юм уу" хэмээлээ.