УИХ-ын чуулганы хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эцэслэн батлав. Шинжлэх ухааны хөгжлийг дэмжих санг олон улсын жишигт хүргэх, эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлийг төр дата хэлбэрээр ашиглах, үнэ цэнтэй болгох, эрдэмтдийн өмнө тавигддаг тендерийн хатуу босгыг багасгах зэрэг олон чухал ач холбогдолтой хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг санаачлан боловсруулж, ажлын хэсэг болж ажилласан гишүүдийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ “Шинжлэх ухаан, технологийн тухай хууль нь судлаачдаа бэхжүүлэх, энэ салбарыг хөгжүүлэх, чадваржуулах чиглэлээр хэрэгждэг хууль. Энэхүү хуульд Г.Хосбаяр, Д.Рэгдэл нарын гишүүдийн хамтаар хоёр чухал заалт оруулахаар санаачилж, өнөөдөр батлуулж чадлаа. Эрдэм шинжилгээний байгууллага гэсэн статустай, төрийн өмчит академийн хүрээлэн, Их дээд сургуулиуд төсвийн мөнгөөр санхүүжиж хийгдэж байгаа судалгааны тендерт оролцож чаддаггүй байсан. тендерт оролцоод шалгарлаа гэхэд тендерийн баталгаа гэж олон сая төгрөг банкинд байршуулах шаардлагатай болдог. Гэтэл судлаачдад хийгээд сургуулиудад тийм мөнгө байхгүй учраас дандаа гэрээт байдлаар ажиллаж ирсэн. Тэгэхээр төсвийн мөнгөөр тендер зарлагдсан бол тэнд эдгээр байгууллагын эрдэмтэн судлаачид оролцох, цаашлаад шалгарлаа гэхэд тендерийн баталгаа нэхэхгүй гэдэг чухал заалтыг оруулж өглөө.
Хоёрдугаарт, төсвөөс хийгдэж байгаа бүх судалгааны мэдээллийн сан тус, тусдаа буюу байгууллага бүр дээр байдаг. Үүнийг нэгтгэж, нэгтгэсэн мэдээллийн санг бий болгож хөгжүүлэхээр боллоо” гэв.
Тэгвэл ажлын хэсгийн ахлагч С.Зулпхар гишүүн “УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Хэрлэн, О.Саранчулуун, Д.Бум-Очир, С.Эрдэнэбат болон миний бие энэ хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Монгол Улсын ДНБ-ий 0.001 хувьтай байгаа. Олон улсын жижиг бол 2.5-4 рүү орчихсон. Гэтэл бид нэг хувьдаа ч хүргэж чадаагүй байна. Г.Уянга нарын гишүүдийн санаачилсан энэхүү хууль нь шинжлэх ухааны байгууллагуудыг чадавхжуулах, судалгаа хийхэд чиглэсэн том боломжийг нээж өгөх нь ээ.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендерт оролцохдоо шинжлэх ухааны хүрээлэн, судалгааны байгууллагууд тендерийн баталгаа гаргадаг байсныг өөрчилж чадлаа. Зах зээл дээр 70 орчим тэрбум төгрөгийн судалгааны ажлын тендер байдаг. Энэ ажлыг хийх боломжийг бий болгож өглөө. Шинжлэх ухааны байгууллагууд тасралтгүй судалгаа хийж, хөгжих ёстой. Тасралтгүйгээр ажлаа хийгээд байвал дунд болон урт хугацаандаа 3-11 нэгжээр эдийн засгийн үр өгөөж өгөх нь ээ.
Маш олон судалгаа хийгддэг ч тус, тусдаа байгууллага дээр салангид байсныг нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, цуглуулах асуудлыг эцэслэснээр их өгөгдөл бий болох нь ээ. Ингэснээр мэдээллийг аль ч талаас нь авч ашиглах боломжийг бүрдүүлснээр дан ганц шинжлэх ухаан ч бус бусад салбарын хөгжилд ч ахиц авчрах хууль боллоо. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож явсан улстөрчид маань энэ хуулийг батлуулахад манлайлж ажилласанд баяртай байна. Бид бүх салбарт шинжлэх ухааныг хөгжүүлэх ёстой. Уул уурхайн салбараас хамааралтай атлаа бид геологи, уул уурхайн судалгааны ажилд мөнгө төсөвлөдөггүй. Зөвхөн урсгал зардал гэж тэрбум төгрөг л өгдөг. Цаашдаа ингэж явж болохгүй. Геологийн хүрээлэн судалгааны ажлаа хийж, цаашдаа энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулаад явах ёстой” хэмээлээ.
