ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголбанк болон Азийн Хөгжлийн Банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов

O.Admin
1 цагийн өмнө

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Монгол Улс дахь Суурийн төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Чандра Моханыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, банкны салбарын шинэчлэл, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл солилцож,  мөн хоёр талын хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын чиглэлийн талаар санал солилцов.

Талууд АХБ-тай  хамтран хэрэгжүүлж буй PBL, уур амьсгалын санхүүжилтийн хөтөлбөр, техник туслалцааны төслүүдийн хүрээнд эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын шинэчлэлийг дэмжих чиглэлээр тодорхой ахиц гарч байгааг онцлов. Энэ хүрээнд Монголбанк IFRS 9 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, банкны активын ангилал, эрсдэлийн сангийн журмыг шинэчилж, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, банкны засаглал, тайлагнал болон финтек зохицуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

 

Мөн  2026 оны 5 дугаар сарын 3–6-ны өдөр Узбекистан Улсын Самарканд хотноо зохион байгуулагдах Азийн Хөгжлийн Банкны Жилийн уулзалтын талаар мэдээлэл солилцож, санхүүгийн салбарын шинэчлэл болон уур амьсгалын санхүүжилтийн чиглэлд хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.