ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гамшгийн эрсдэлд суурилсан төлөвлөлт хийх чиглэл өглөө

O.Admin
11 цагийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр “Эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах тогтолцоо” сэдвээр мэдээлэл хүргэж, нийслэлийн хэмжээнд хүн амын нягтрал, барилгажилт, гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, учирч болзошгүй хохирлын түвшин зэрэг үзүүлэлтэд үндэслэн гамшгийн эрсдэлийг бодитой тодорхойлох, эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлт, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн. Өнгөрсөн оны гал түймэр, ослын нөхцөл байдал болон энэ оны нэгдүгээр улирлын мөн үеийн дуудлага, мэдээлэл, ослын тоо, давтамж, шалтгаан нөхцөлд харьцуулсан дүн шинжилгээ хийж, тухайн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, газар зохион байгуулалт, хүн амын төвлөрөл, барилгажилт, дэд бүтцийн төлөвлөлттэй уялдуулан эрсдэлийг үнэлэх шаардлагатайг онцоллоо.

Ингэхдээ гал түймэр, ослын нөхцөл байдлыг зөвхөн статистик бүртгэлийн түвшинд авч үзэх бус, тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлт, үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл, иргэдийн ахуйн хэрэглээ, эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлстэй холбон үнэлж, эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.

Түүнчлэн гамшгаас хамгаалах сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах, гал түймэр, осол гарсны дараа бус гарахаас өмнө эрсдэлийг тооцоолж, бууруулах дадал хэвшлийг төлөвшүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Гамшгаас хамгаалах нэгдсэн системийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийх, дашборд, анализ, үнэлгээний үр дүнд үндэслэн гамшгийн эрсдэлийг үнэлэх, улмаар хяналт шалгалт, сургалт, төлөвлөлт, шийдвэр гаргалтад ашиглах чиглэлийг мөн өгсөн юм.

Хурандаа Ц.Уранчимэг алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах, өдөр тутмын сургууль, дадлагыг чанаржуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллах нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Цаашид нийслэл, дүүргийн Онцгой байдлын байгууллагууд аж ахуй нэгж, байгууллага, айл өрх, иргэн бүрийг өөрийн орчны гал түймэр,аливаа ослын эрсдэлийг тогтмол үнэлдэг, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэвшил болгон хэрэгжүүлдэг болгоход анхаарч ажиллахыг алба хаагчдад үүрэг болголоо.