Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн эхэллээ. Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга нар, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцож байна. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын Байгаль орчин, хүнс, аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж байна. Үүний дараа ХХААХҮ-ийн сайд аймгийн Засаг дарга нартай “100:1000 Нутагтаа эзэн” төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах юм.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэн, Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдийг танилцуулна.
Маргааш буюу тавдугаар сарын 05-нд аймгуудын ХХААГ болон МААХ-ийн дарга нарыг хамруулсан ур чадвар, манлайллын сургалт зохион байгуулах юм байна.

ХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "2026 онд түүхий эд бэлтгэлд зориулан 450.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 38 аж ахуйн нэгжид 324.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Энэхүү ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын үйлдвэрүүдэд олгосон эргэлтийн хөрөнгийн зээлийн үр дүнд энэ хавар 1 кг ноолуурын үнэ 200 мянган төгрөгт хүрч малчдын орлогыг нэмэгдүүлэх шийдвэртэй алхам боллоо.
Салбарын бүтээгдэхүүний экспортоос гадна дотоодын хүнсний хангамжийг сайжруулж, үйлдвэрлэл эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгох зээлийг 8 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэр болон жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгохоор шийдвэрлэж зээлийн нөхцөлийг зээлдэгчдэд ээлтэй болгон өөрчиллөө. Улсын хэмжээнд 112.2 мянган га тариалангийн зориулалттай ашиглалтгүй газар атаршсан байдалтай байна. Эдгээр атаршсан газрыг түшиглэн улсын хэмжээнд нийт 1000 гаруй хөдөөгийн багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх замаар “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийн хүрээнд хөдөөгийн нэг багт 100 га атаршсан газарт орон нутгийн удирдлага, малчид, иргэд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ногоон тэжээл тариалж мал сүргийн өвөл, хаврын улирлын тэжээлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх, цаашлаад эдгээр багийн төв, тэжээл тариалалтын баазыг түшиглэн малын чанар сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, улмаар хүүхдийн боловсролыг малчин ахуйтай нь ойртуулах бодлогын алхамыг хэрэгжүүлэн ажиллах болно" гэв.
