ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гамшигт үзэгдэл хийсч ирдэг гэдгийг санаж, сэрцгээе

O.Admin
1 цагийн өмнө

Ус цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав. Урьд өмнөх жилүүдийн адил зарим өдрөө дулаахан, заримдаа нийт нутгаар сэрүүхэн байх ч гэлээ “нийт нутгаар салхи, шуурганы давтагдал их байх нь ээ” гэдгийг онцгойлон сануулжээ.

Төрийн нэг байгууллага цаг агаарын мэдээгээ цаг алдахгүй өгч, төв суурин газарт амьдарч буй бид “Аан за жаахан салхитай хавар болох нь ээ” гээд бодоод тоохгүй өнгөрч болох ч мэргэжлийнхэн буюу бидний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахаар тангараг өргөж, хаврын хавсарга, зуны халуун, өвлийн цастайд ч албаа гүйцэтгэж яваа Онцгой байдлын албан хаагчдын хувьд энэ тийм ч сайн мэдээ биш юм.

Учир нь салхи шуурга их байна гэдэг нь хур тунадас бага хуурайшилт ихэснэ ээ гэсэн үг. Хуурайшилт их байна гэдэг нь ой, хээрийн түймэр дэгдэх боломжийг нэмэгдүүлдэг учраас анхаарал сэрэмж тэр хэрээр нэмэгдэж, аюулт үзэгдэл ослын дуудлага гарах эрсдэлд үргэлж бэлэн байх шаардлагатай болж буй хэрэг юм. Тиймдээ ч мэргэжлийн байгууллагаас гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны өдрийг гал түймрийн хамгийн эрсдэлтэй цаг үе гэж тодорхойлж, энэ үед иргэдийг ил задгай гал түлэхгүй байх, машин, мотоциклийн яндангаас гал алдахаас сэргийлэх, асаасан тамхи, шүдэнзээ унтраах, ил задгай үнс нурам хаяхгүй байх, өнжмөл шар өвсөө шатаахгүй байх гэсэн хүн бүхний мэддэг юм шиг атлаа мэдэхийг хүсдэггүй хэдхэн энгийн хэдхэн зөвлөгөөг ягштал дагаж мөрдөхийг сануулдаг нь учиртай билээ.

Гэвч иргэд энэ бүхнийг үл тоодгоос үүдэн жил бүхэн хүний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан Монгол Улс хэдэн мянган га ой мод, хээр талыг түймэрт алдаж, онцгой байдлын алба хаагчид маань хүн хүч, техникээ барж ойн түймэртэй тэмцсээр ажилчдынхаа ахуй амьдралыг өөд татах гэж батлуулсан хэсэг төсвөө барж дуусдаг нь худлаа биш. Албаны хүний өгч буй мэдээллээр өнөө жил ой, хээрийн түймрийн дуудлага өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар багассан сайн мэдээтэй байгаа аж.

Гэхдээ энэ нь тайвширч болно гэсэн үг огт биш. Ойн түймрийн дуудлага багассан мэт боловч хүний буруутай үйлдлээс буюу ил задгай хог хаях, тамхи, шүдэнзээ асаалттай орхисноос үүдэлтэй түймрийн тоо ихэссэн байгаа нь бидний ухамсар, сэтгэхүйд өөрчлөлт ороогүй, төрийн байгууллагын өгч буй сэрэмжийг үл тоодог гэдгийн нотолгоо билээ. Онцгой байдлын алба хаагчид өнгөрөгч дөрөвдүгээр сард гэхэд л хоёр дүүрэг, 10 аймгийн 42 суманд 72 удаагийн ой хээрийн дуудлага дээр очиж ажиллажээ. Үүнээс дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт гэхэд л Увс, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Дорнод аймагт есөн ой, хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан бол тавдугаар сар гараад дөнгөж гуравхан хонож байхад таван ч газар ой, хээрийн түймэр бүртгэгдэж, дөнгөж өчигдөрхөн Хөвсгөл аймагт гарсан хоёр түймрийг бүрэн унтрааснаа мэдэгдэв.

Түймэр дэгдэх бүрийд яана аа гэж уулгалж, унтраачихлаа гэхээр нь ашгүй хэмээн тайвшрахаас өөрийг хийдэггүй бидэнд бол энэ бүхэн байх ёстой ажил мэт харагдаж байж болох. Гэвч түймэр бүрийн цаана эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, мал хөрөнгө, алба хаагчдын амь нас яригдаж байдгийг бид жил, жилийн гал түймрийн гашуун түүхээс мэдэх болсон баймаар. Ой хээрийн түймэр унтраахаар яваад эргэж ирээгүй, эндсэн олон баатрууд, энэлж шаналсаар энэ орчлонтой эвлэрч үлдсэн үр хүүхдийнх нь төлөө дэмий харамсаж, сошиалын цаанаас гашуудаж суух бус тэдний үхлийн үнэ цэнийн тухай бодоод ч болов ухамсраа уландаа гишгэхгүйхэн шиг төрийн байгууллагын өгсөн сэрэмжлүүлгийг дагаж мөрдөж, тэсэж тэвчээд зуны дэлгэр сар хүргэхсэн, монголчууд аа.

Дөрөвдүгээр сард гарсан 72 түймрээс гэхэд л алба хаагчид маань 49 гэр, 25 өвөлжөө, найман автомашиныг авран хамгаалахаас гадна 3760 толгой малыг авран хамгаалсан ч 528.222 га талбай эргэж сэргэхгүйгээр түймэрт өртөв. Энэ бүхнийг мөнгөн дүнд үржүүлбэл хэдэн арван тэрбумыг алба хаагчид маань амь насаа үл хайрлан хамгаалжээ гэсэн үг. Нөгөөтээгүүр, бэлчээрийн хомсдол толгойн өвчин болж, өдөр өдрөөс цөлжилт нэмэгдэж буй Монгол орны тухайд нэг га газраа ч түймэрт эргэж сэргэхгүйгээр сүйтгүүлнэ гэдэг дэндүү харамсалтай.

Үүнээс гадна дан ганц ой хээрийн түймэр ч бус мэдээлэлд хамгийн ойрхон байдаг гэж өөрсдийгөө “тоодог” хотын иргэн бид ч зуслангийн хашаа, байшингийнхаа өнжмөл өвсийг шатааж байгаад гал алдаж өөрийн хийгээд өрөөлийн эд хөрөнгийг эрсдэлд оруулж байсан жишээ болгоныг энд бичнэ гэвэл зай талбай хүрэлцэхгүй. Тиймээс ухамсар бас дахин ухамсар, тэвчих бас дахин тэвчих гэсэн хоёрхон зүйлийг ой тоондоо суулгаж, онцгой байдлын албан хаагчдынхаа ажилд хувь нэмрээ оруулцгаая. Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлон бэрхшээл олон бий ч гамшигт үзэгдэл бол хийсч ирдэг гэдгийг л дор бүрнээ санаж, сэрцгээе.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин