ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Зулпхар: Шинжлэх ухааны салбарт 3-4 км зам тавих мөнгө л төсөвлөж, үл тоож ирсэн алдааг залруулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 цагийн өмнө

УИХ-ын өнгөрөгч баасан гарагийн чуулганы хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Шинжлэх ухааны хөгжлийг дэмжих санг олон улсын жишигт хүргэх, эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлийг төр дата хэлбэрээр ашиглах, үнэ цэнтэй болгох, эрдэмтдийн өмнө тавигддаг тендерийн хатуу босгыг багасгах зэрэг олон чухал ач холбогдолтой хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн С.Зулпхартай ярилцлаа.

-УИХ-ын чуулганы хуралдаанаар шинжлэх ухааны салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах заалтыг өөрчлөн баталлаа. Хоёр заалтыг нэмж өөрчилсөн ч салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулна гэж дүгнэж байна. Уншигчдад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ-ын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл цаг үеэ олж чадсан. Манай Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны гишүүд өнгөрсөн хугацаанд шинжлэх ухааны салбарын тулгамдаж буй асуудлыг нарийвчлан судлахаас гадна газар дээр нь очиж ажиллалаа. Эдгээр уулзалтын үеэр хамгийн их яригдаж байсан хоёр чухал асуудлыг энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталсан гэсэн үг. Хоёр заалт мэт харагдавч өргөн хүрээний асуудлыг цэгцэлсэн гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд маш олон төрлийн судалгаанууд төрийн болон хувийн хэвшлийн, олон улсын байгууллагын захиалга, санхүүжилтээр эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Их дээд сургуулиуд дээр хийгдсэн ч тус, тусдаа салангид байсан юм билээ. Ингэснээр судалгаа давхардаж хийгдэх, өмнө хийгдсэн судалгааг бүрэн авахгүйгээр дахиж шинээр зарлах гэх мэт асуудал үүсдэг байсан.

Энэ бүхнийг нэгтгэсэн “Нэгдсэн мэдээллийн сан”-тай болохыг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тусгайлан батлав. Үүнийг нь шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн сан хариуцаад явах юм. Тус санд урьдчилсан байдлаар “Мэдээллийн сан” үүсгэчихсэн байгаа учраас тэндээ түшиглээд дата баазаа бүрдүүлэх нь ээ. Төрийн байгууллагууд шийдвэр гаргахдаа нэгдсэн мэдээллийн сангаас хийгдсэн судалгааг авч үзээд шийдвэрээ гаргах, цаашдаа нарийвчилсан судалгаа хийлгэх эсэхээ шийдээд явах юм. Монгол Улс шинжлэх ухааны салбараа орхиж ирсэн нь шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг улсын нэгдсэн төсөв батлахдаа орхиж ирсэн явдал юм.

Шинжлэх ухааны зардал ДНБ-ий 0.1 хувьтай тэнцүү байгаа. Үүнийг ядахдаа нэг хувьд хүргэнэ гэдэг ч ахиц дэвшил гардаггүй. Салбар, салбарт судалгаа хийгдэхгүй байна гэсэн үг. Төрийн байгууллагаар дамжуулж өгдөг төсөв байхгүй учраас төрийн байгууллагууд судалгаа зарлаж хийлгэхдээ эрдэмтэн судлаачдыг гэрээгээр авч ажиллуулдаг. Гэтэл эрдэм шинжилгээний хүрээлэн, Их дээд сургуулиудын дэргэдэх судалгааны институтууд тендерт дангаараа орж чаддаггүй.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендерт ороход заавал тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа нэхдэг. Гэтэл улсад бүртгэлтэй 66 хүрээлэнгүүдэд тендерийн баталгааны төсөв гэж огт байхгүй. Ингээд хана мөргөдөг. Зах зээлд эргэлдэж буй 70 орчим төгрөгийн судалгааны тендерт тэд оролцох чадамжгүй байгаа гэсэн үг. Ингээд өөр бусад ТББ болон хувийн хэвшил, компаниуд мөнгөө байршуулж тендерт оролцоод улсын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдыг гэрээгээр ажиллуулж байсныг нэмэлт өөрчлөлтөөр цуцаллаа. Өөрөөр хэлбэл, тендерийн баталгаа шаардахгүй байхаар зохицуулалт хийсэн. Ингэснээр хүрээлэнгүүд өөрсдөө судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажил хийгдэхээс гадна байгууллага чадавхжих боломж нээгдэж байна.

-Шинжлэх ухаан технологийн санг түшиглэх “Мэдээллийн сан”-г олон улсын жишигт нийцүүлэх өөрчлөлт хийгдлээ гэж харж байна. Тэгвэл хамгийн сайн жишээг нэрлэ гэвэл та аль улсыг онцлох вэ. Бодит утгаар нь хөгжүүлж чадсан сайн жишээг судалсан байх?

-Бүх улсын туршлагыг уншиж судлалгүй яахав. Урд, хойд хөршөө нэрлэж болно. Аль, алиных нь загвар жаахан ялгаатай. Хамгийн ойрын хөгжиж буй орнуудын жишээ гэвэл Төв Азийн орнуудыг нэрлэж болно. Узбекстан, Киргизстан, Казахстан зэрэг улс орнууд дата мэдээллийн сангаа маш сайн хөгжүүлж чадсан.

Мэдээллийг нэгтгэх, журамлах асуудлыг эцэслэж дууссаны дараа аль мэдээлэл нь бүх нийтэд ил байх юм, аль нь улсын нууцтай буюу хагас, бүрэн хаалттай байх юм гэдгээ шийдээд явна. Нэг байгууллагын хийчихсэн судалгааг мэдэхгүйгээс хоёр жилийн дараа төсөв зарцуулж дахин хийлгэдэг хийдлийг гаргуулахгүй байх нь мэдээллийн нэгдсэн санг байгуулах гол зорилго. Нэг хийчихсэн юм чинь дахиж хийхгүй гэдэг бус шинэчлэх үедээ шинэчлээд л явна. Гол нь давхардал гарах ёсгүй.

-Эрдэмтэн судлаачид төрийн санхүүжилтээр судалгаа хийж болно. Гагцхүү өөрийн нэрээр хийсэн судалгаанд үндэслээд бүтээгдэхүүн гаргах, ашиг олоод ирвэл төр түүнийг өмчлөх үү, судлаач хувь авах уу гэдгийг тусгайлж өгсөн асуудал бий юу?

-Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийхэд патент бий болдог. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээр яваад уулзахаар судалгааны зардал хаанаас гарснаас шалтгаалаад патент эзэмшигддэг. Гэхдээ ямар эрдэмтэд орсноос шалтгаалаад хувь оролцох боломж нээлттэй байгаа. Цаашдаа яах юм бэ гэдэг схем бидэнд алга гэдэг нь үнэн. Тухайн судалгааны бүтээл, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүллээ гэхэд патентын эрх хүрээлэндээ байх юм уу, судлаач, эрдэмтэд дээрээ үлдэх юм уу. Эсвэл ашигласан компани, аж ахуйн нэгж, төр эзэмших юм уу гэдэг асуудлыг эцэслэх ёстой. Дэлхий нийтийн жишиг маш ойлгомжтой байдаг. Хүрээлэн, эрдэмтэн хоёр хоёулаа патентынхаа эзэмшилд оролцоно.

Гагцхүү хувь хэмжээ хэд байх вэ гэдгээ хүрээлэн дээрээ тохирно гэсэн үг. Үйлдвэрлэлд нэвтрүүлсний дараа патент эзэмшигч нар нь төр, хувийн хэвшил буюу үйлдвэрлэлд нэвтрүүлсэн талтайгаа хувь эзэмшлээ тохироод явчихна. Энэ схем манайд бараг байхгүйтэй адилхан учраас хуулиар шийдэх асуудал мөнөөсөө мөн. Дэлхий дахинд бол хэдийнэ тогтчихсон хэвшил. Вакцин гаргалаа гэхэд санхүүжүүлсэн хүрээлэн, үйлдвэрлэсэн компани, судалгаа хийсэн эрдэмтэн гурав гурвуулаа хувь эзэмшлээ тохироод явчихдаг. Үүнийг зайлшгүй нэвтрүүлж, хуульчилж байж шинжлэх ухаан хөгжинө.

Таны өмнөхөн яг энэ асуудлаар салбарын мэргэжилтнүүдтэй ярилцаад сууж байлаа. Шинэ бүтээл, оновчтой санал гарлаа гэхэд гаргачихлаа гээд зарлаад орхихгүйгээр хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах юм, ашиг яаж хуваагдах юм гэдгээ ч дагаж сайжруулаад явъя. Хувийн хэвшлийг ч салбарын хөгжил рүү татаж оруулж ирэх ажлыг шат дараатай хийгээд явах талаар санал солилцлоо. Төр хэдий чинээ их оролцоно тэр хэрээр л хийдэл гардаг нь худлаа биш шүү дээ. Био комбинат гэж төрийн мэдлийн үйлдвэр бүх менежмент нь хоцрогдчихсон байна шүү дээ. Дараа, дараагийн нэмэлт өөрчлөлт, шинэчлэлүүдийг яаралтай хэлэлцээд явна.

-Үүнээс гадна ажиллах хүчний нөөц, ажилчдын цалингийн үнэлгээ шүүмжлэл дагуулж байна. Сая багш, эмч нарын цалин нэмэгдсэн гэж байгаа ч шинжлэх ухаан орхигдчихлоо. Энэ чиглэлд төр ямар бодлого барих бол?

-Энэ бол маш чухал асуудал. Намрын чуулганы завсарлагаанаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон түүний бүтцэд байгаа Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны гишүүд Их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг бүгдийг нь урьж нэгдсэн уулзалт хийхээс гадна газар дээр нь очиж танилцсан гэдгийг өмнө хэлсэн шүү дээ. Тэд яг л энэ асуудлыг ярьж байсан учраас Байнгын хорооноос тавдугаар сардаа багтаагаад тогтоолын төсөл гаргахаар ажиллаж байна. Нэгдүгээрт, хүний нөөцийн асуудлыг ярихаас өөр аргагүй болчихсон.

Цалин хангамж бага учраас нэг бол ахмад, эсвэл дөнгөж ажлын байранд гарч буй залуус л тэнд ажиллаж байна. Дунд үеийнхэн нь гадаад дотоод явчихдаг эсвэл өөр салбар руу шилжчихсэн. Тэгэхээр судлаачдаа судалгаа хийлгэж нэмэлт орлоготой болгохоос гадна цалинг нэмэх ёстой болж байна. Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаачийн цалин ЕБС-ийн багшийн цалингаас доогуур байна шүү дээ. Дундаж цалингаас 1.7 дахин байсныг багахан нэмж 1.4 рүү оруулж ирсэн. Ийм цалингаар хэн ч ажилд үлдэхгүй биз дээ.

Нэмээд судалгаа явуулах техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна төсвийг хангалттай баталж өгөх тухай яригдана. Эрдэм шинжилгээний байгууллагад оруулсан нэг нэгж хөрөнгө оруулалт дунд болон урт хугацаандаа 3-10 нэгж эдийн засгийн үр ашгийг бий болгодог. Үүнийг сайн мэдэж байх ёстой юм. Зарим хүрээлэнгээс бид эдийн засгийн үр ашиг хүлээх боломжгүй. Эсрэгээрээ төсвийг өгдгөөр нь өгөөд л явна. Түүхийн, угсаатны, хэл уран зохиолын хүрээлэнгээс эдийн засгийн үр ашиг бий болгоод аль гэж шаардаж болохгүй. Харин газар тариалан, мал эмнэлгийн хүрээлэнгээс ашиг хүртэхийн тулд төсөв зарцуулах хэрэгтэй. Геологийн салбарт мөнгө гаргаж байж л уул уурхайн олборлолт, экспорт, хайгуул хөгжинө шүү дээ. Эдийн засгийн суурь нь шинжлэх ухааны салбарын хөгжил гэдгийг л мэдчих ёстой. Хиймэл оюун ухаан, цахим хөгжлийг дагаад мэдээллийн технологийн хүрээлэнгүүдээ дэмжих цаг үеийн шаардлага ирсэн гэх мэтээр олон зүйлийг ярьж болно. Эдгээрийг холбогдох байнгын хорооны тогтоолоор гаргаж ирэхээр ажиллаж байна.

-Ирэх оны төсөвт шинжлэх ухааны салбарын хөгжилд тухайлсан ямар санхүү, хөрөнгө зарцуулах шаардлагатай байна вэ. Төсвийн үр ашиггүй хийгээд ашигтай зарцуулалтын талаар санал шүүмжлэл явсан байх?

-2026 оны төсөв амаргүй цаг үед батлагдсан. Багш, эмч нар маш тодорхой хүсэлт тавьж байж цалингаа нэмүүлсэн. Үйлдвэрчний эвлэл, төрийн захиргааны байгууллага, ажил олгочдын гурван талт уулзалтаар шийдвэр эцэслэгдсэн. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг цалинтай холбоотой том шийдвэрүүд гарснаас биш хөрөнгө оруулалт дээр том төсөв тавигдаагүй. Жил бүрийн урсгал засвар, цөөн хэдэн сургууль, цэцэрлэг гээд өнгөрлөө. Боловсролд айхтар их дүнтэй мөнгө төсөвлөчихлөө гэж хэлчихвэл иргэд гайхна шүү дээ. Шинжлэх ухааны салбарын цалинг 15 хувиар л нэмэгдүүлсэн. Энэ хангалттай биш байсан нь үнэн. Нэмээд судалгаа, шинжилгээний зардал огт тавигдаагүй.

Хүрээлэнгүүдийн төсөв урсгал зардлыг нь тавих байдлаар батлагдсан. Өөрсдийнх нь хийж байх ёстой үндсэн чиг үүргийн судалгаа, томилолтын зардал тавигдаагүй. Иймээс явж судалгаа хийж чадахгүйд хүрээд байгаа юм. Шинжлэх ухаан, технологийн санд гэхэд ердөө 10 тэрбумын төсөв л тавьж өгсөн. Энэ чинь 3-4 км зам тавих мөнгө. Товчхондоо, шинжлэх ухаанаа ийм түвшинд л анхаарч байна гэсэн үг. Энэ бол хэн нэгний биш бидний санаачлагагүй байдал учраас ирэх жил нэлээд жинтэй дуугарна. Явж уулзаж, судалж, нүдээр харчихсан учраас даацтай дуугарна. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр гэхэд ШУТС-гийн мөнгийг 35 тэрбумаар оруулж ирсэн. Энийгээ багасгахгүйгээр батлуулна.

Хүрээлэнгүүдэд зөвхөн урсгал зардал бус лабораторийн болон хөрөнгө оруулалтын зардал тавих шаардлагатай. Төсөв тавихаас гадна зарим нэг эрхүүдийг нээх буюу нэмэлт орлого олсныгоо ашиглах эрхийг нээж өгье. Иргэн, хувийн хэвшил төрийн хүрээлэнгийн лабораторийг нь ашиглаад мөнгө оруулахад түүнийгээ захиран зарцуулах эрхгүй сууж байгаа нь буруу. Эрхзүйн энэхүү алдааг залруулж, орлого олох боломжийг нэмж өгнө. Ингэснээр лабораторио шинэчлэх, бусад бараа материалаа худалдаж авах, түүнийгээ ашиглаад ашиг олох боломжийг нээе гэж байгаа юм. Хүрээлэнгийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх, гадаад, дотоодод сургалтад хамрагдах зардлыг ч нэмэгдүүлж өгөх шаардлагатай.

Олзуурхууштай нь өнөө жил Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Шинжлэх ухааны академийн нэгдсэн байр ашиглалтад орж байна. Тоног төхөөрөмж сайтай юм билээ. Гэхдээ ингээд болчихлоо гэж орхихгүй. Гадны төсөл хөтөлбөртэй холбогдох, гаднаас тусламжаар тоног төхөөрөмж орж ирлээ гэхэд татвараас хөнгөлөх чөлөөлөх гээд хууль, эрхзүйн олон шинэчлэл шинжлэх ухааны салбарт дутагдаж буйг үе шаттай шийдээд явна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин