ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Баяр: Би хурлыг эхлүүлээгүй л бол намайг огцруулсан хурал хууль бус

O.Admin
11 цагийн өмнө

НИТХ-ын ээлжит бус хуралдааныг АН-ын бүлгээс тавьсан хүсэлтийн дагуу буюу Туулын хурдны замын төслийг зогсоохтой холбоотой асуудлаар өчигдөр хуралдуулахгүй хэмээн НИТХ-ын дарга А.Баяр мэдэгдээд байсан ч өчигдөр үдээс хойш тус хурлыг НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан удирдан явуулж эхэлсэн юм. Улмаар хуралдаанд Хотын дарга Х.Нямбаатар оролцон НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах, түүний ажлыг Д.Ихбаярт шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан НИТХ-ын дарга А.Баяр мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Би гурван асуудлаар мэдээлэл өгнө. Өчигдөр яагаад хурлыг цуцалсан бэ. Мөн намайг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мөнгөнөөс хууль бусаар идсэн гэх ташаа мэдээллийг сошиал сүлжээгээр цацлаа. Гуравдугаарт, Улаанбаатар хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлаар мэдээлэл өгөхийг хүсэж байна. Би өчигдөр Туулын хурдны замыг дэмжиж, иргэдийнхээ эсрэг зогсохгүй байхын тулд хурлаа эхлүүлээгүй. Би хурлыг эхлүүлээгүй л бол намайг огцруулсан хурал хууль бус. Туулын хурдны замыг эхлүүлэх дэмжиж тогтоол батлуул гэдэг шахалт надад ирсэн. Иргэд мега төсөл үү, мега хулгай юу гэдгийг ялгахыг хүсэж байгаа. Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдал гээд 33 байгууллага бий. Тэд бүгд гэмт хэргийн эсрэг тууштай тэмцсэний үр дүнд хулгайлах гэмт хэрэг 44.2, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 22, нийт гэмт хэргийн гаралт 15 хувиар буурсан. Түүхэндээ нэг ч хувиар буурч үзээгүй гэмт хэргийн гаралт гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлийн үр дүнд бий болсон.

Улаанбаатар хотод ганцхан хүн ажил хийх гээд байдаг юм биш. Өдөржин, шөнөжин энэ байгууллагууд, тэнд ажилладаг залуус хотын хөгжлийн төлөө ажиллаж байгаа. Энэ залуус руу Х.Нямбаатар нулимах ёсгүй. Хуулийн сайд хүн ийм гүтгэлэг хийж болохгүй. Есөн дүүрэг, гишүүн байгууллагуудтай хамт очиж танилцаад ямар ажил хийж хэрэгжүүлснийг олон нийтэд хүргээсэй. НИТХ анх удаа төсвөө иргэд олон нийтийн нүдэн дээр, сэтгүүлчид та бүхний хажууд лайв хийж байгаад баталсан. Шилэн данс ч ил бий. Би шилэн данснаас айдаггүй. Би хурлын даргын албан ёсны эрхийн дагуу захирамж байгуулна. Улаанбаатар хотод мега төслүүд явах гэж байгаа бол мега төслүүдийн бүх мөнгөн дүн, харилцаа хамаарал, шалгарсан компанийг шалгах ажлын хэсгийг бүх намын төлөөллөөс оруулж байгуулна. Монгол Улс хэдэн хэрүүлчийн талбар болчихлоо. Шууд хэн нэгнийг тэр тэндээс тэгж авсан гэж зарлаж суудаг. Үндэсний эв нэгдлээс илүү зүйл гэж байхгүй шүү” хэмээлээ.