ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийж буй төрийн айлчлалын үр дүн

O.Admin
6 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс дэх манай улсын анхны Стратегийн түнш Казахстанд 20 жилийн дараа айлчиллаа. Айлчлалаар шийдэгдсэн 20 ажлын үр дүнг хүргэвэл, 

- Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлнэ.

-Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.

-“Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал гаргана.

-Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

-Зуогаадугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.

-Баян-Өлгий аймгийн иргэдийн олон жил хүсэж, хүлээж байсан Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо.

-Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулна.

-Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.

-Хархорум хот, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүүгийн харилцаа тогтоолоо.

-Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр улам идэвхтэй хамтарна.

-Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоож, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийнэ.

-Манай улсад болдог “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулна.

-Хоёр улсын 200 гаруй аж ахуйн нэгж бизнес форум зохион урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах сууриа тавьж, гэрээ хэлцэл хийж байна.

-Төрийн тэргүүн нарын ивээл дор Үндэсний урлагийн их театрын хамт олон Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж байна. Мөн “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.

-Наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстаныг өндөр түвшинд оролцохыг урилаа.

-“Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Ерөнхийлөгч К.Токаевын санал, санаачилгыг Монгол Улс дэмжинэ.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

- Ерөнхийлөгчийн санаачилсан жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тогтоолыг Казахстан Улс дэмжлээ.

-Ерөнхийлөгч Астана хотноо болсон Бүс нутгийн экологийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр улсынхаа байр суурийг илэрхийллээ.

-Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна.

- Казахстан нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжинэ.

-НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллана.

-Төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл боллоо.

-Еренхийлегч У.Хурэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд Төв Азийн бүх оронд төрийн айлчлал хийж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан анхны Ерөнхийлөгч болж байна.