Өчигдөрхөн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцоод явж байхдаа золтой л зам тээврийн осол хийчихсэнгүй. Машин хурд багатай явсан тулдаа хажуугаар гэнэтхэн зүсэн орж ирээд суррон дээрээ бараг л мото үзүүлбэр үзүүлэх хүүг араас нь мөргөчихгүй амжиж тоормозоо дарж чадав. Ингэхтэй зэрэгцэн дахиад л сундалдчихсан сурронтой дөрвөн ч хүү машинуудын дундуур сүлжсээр урд гаран давхиж одлоо.
Надтай адил замын хөдөлгөөнд зүв зүгээр ороод явж байсан олон ч хүмүүс зүгээр байж байгаад зам тээврийн осол хийж мэдэхээр байсан учраас хөвгүүдийн араас сигналдаж, ингэж явж болохгүй гэж дохио зангаа үзүүлсэн ч тэд тоосон шинжгүй инээсээр давхиж одов. Их хотод амьдарч буй иргэн бүхэн миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг саначихвал хэн, хэндээ амарсан. Гэтэл хамгаалалтын малгаагүй, бүр сундалдчихсан, зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа дугуйн дээрээ эргэлдэн үзүүлбэр үзүүлж буй тэдгээр өсвөр насны хөвгүүд наанадаж өөрийн амь насыг эрсдэлд оруулж, цаашлаад мөрөөрөө явж байсан хэн нэгнийг гэмт хэрэгтэн болгоно гэдгээ ойлгохгүй байна уу эсвэл ойлгосон ч хүсэхгүй байна уу гэдэг нь сонин. Уг нь Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр энэ өвөлжингөө сурроны асуудлыг ярьж байгаа.
Сурроноос гадна скүүтэр, мопед зэрэг унаануудыг насны хязгаарлалттай болгох зориулалтын хамгаалалтын хэрэгсэлтэй унахыг зааварчилсан. Гэвч энэхүү шийдвэр хөрсөн дээрээ огтхон ч хэрэгжихгүй байгааг эдгээр хөвгүүдийн үйлдлээс харж болно. Хиймэл оюун ухаан зам тээврийн нэгдсэн хөдөлгөөний төвд хэдийнэ хэрэгжчихсэн гэгдэж байгаа.
Тэгвэл энэ мэт ямар ч хамгаалалтын малгаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэлд сундалдаж давхиад байгаа хүүхдүүдийг олж тогтоогоод хуулийн хариуцлага тооцоод түүнийгээ ил тод мэдээлчихвэл дараа, дараагийн олон хүүхдийн амь насыг бид аварч болмоор санагдана. Мөн замын цагдаа нар ч зүгээр харж зогсоод өнгөрүүлэх бус цаг тухай бүрт нь зогсоогоод тээврийн хэрэгслийг нь хурааж авах зэргээр тэмцэхгүй бол өсвөр насны хүүхдүүд нэгнээ дагаж хөөрцөглөж яваад амиа алдах асуудал ч энүүхэнд байгааг нурших нь илүүц биз. Өмнөх жилүүдэд бид олон хүүхдийг сурроны ослоор алдсан. Энэ гашуун түүхийг давтахгүйн тулд сурронтой давхилдагсадтай тууштайхан тэмцэх хэрэгтэй байна даа.